Монгол Улс маань ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө хэдхэн хоногийн дараа батлах гэж байна. Нэгэнт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 36.2-т зааснаар УИХ-ыг сонгуульд олонхи суудал авсан нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно хэмээн заасан тул АН, МАХН хоёрын аль нэг нь эсвэл хамтарч Засгийн газраа байгуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Судалгааны төвүүд, судлаачдын хийсэн дүгнэлтэд үндэслэн энэ хоёр намыг олонхи болох магадалалтай хэмээн бичиж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын дараагийн дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө болох бөгөөд мөрийн хөтөлбөр нь хэр “сайн” байхаас Монгол Улсын иргэн бүрийн амьдрал тодорхой хэмжээгээр шалтгаална гэсэн үг. Түүнчлэн аливаа нам, Засгийн газрыг хариуцлага хүлээдэг, асуудлыг шударгаар шийддэг, иргэддээ үйлчилдэг байлгахын тулд иргэд шуурхай, зөв, дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Үнэндээ бол аль нам, эвслийн Засгийн газар хэр сайн ажилласаныг мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтийн хувиар л хэмждэг биз дээ. Тийм ч болохоор АН болоод МАХН-ынхан манай намын өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөр бараг л 100 хувь биелсэн гээд сурталчилаад байгаа биз. Гэтэл иргэдийн амьдрал сайжрав уу, утаа жаахан ч гэсэн багасав уу, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэв үү? Уг нь бол сайжирсан л байх ёстой доо. Яагаад гэвэл сонгуульд ялсан нам маань мөрийн хөтөлбөрөө бараг 100 хувь биелүүлчихээд байна шүү дээ. Эсвэл иргэд Биднийг 4 жилийн өмнө тун муу мөрийн хөтөлбөртэй нам сонгосон гэх гээд байна уу?
Үнэндээ бол иргэд тийм ч муу сонголт хийгээгүй юм. Харин жаахан хулхидуулсан гэж хэлж болно. Гэхдээ мангартаа хулхидуулаагүй юм шүү. Зөв сонголт хийх мэдээлэл, баримтыг эрх баригчид нь иргэдээсээ тас нуучихсан юм. Өмнөх сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрт сайхан амлалтууд байсан уу гэвэл байсан. Даанч эдгээр амлалтууд нь бүдүүн тойм, үр дүнг нь хэмжих бололцоогүй, бодит бус, хэгжүүлэх цаг хугацааг нь тодорхой заагаагүй байсан юм. Тийм ч учраас одоо мөрийн хөтөлбөрөө бараг 100 хувь биелүүлсэн гэж зүтгээд байгаа юм шүү дээ. Энэ муухай аргаа энэ удаагийн сонгуульд дахиад л хэрэглэх гэж байгаа нь хамгийн харамсалтай.
Иймд Монгол Улсын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө болох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр ямар байх ёстой талаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцахаар шийдлээ.
Нам, эвсэл, төрийн болоод хувийн байгууллага аль нь байхаас эс шалтгаалан аливаа зорилт, амлалтууд нь тодорхой шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Мэдээжийн хэрэг олон шаардлага байх. Гэхдээ доорхи хэдэн шаардлагыг заавал хангасан байх учиртай. Үүнд:
Тодорхой буюу нарийвчилсан: Нарийвчлан, тодорхой боловсруулсан зорилтуудад хүрэх нь ерөнхийд нь бүдүүн тоймоор боловсруулсан зорилтод хүрэхээс хамаагүй хялбар бөгөөд ойлгомжтой байдаг.Нэг ёсондоо хэн, хэзээ, хаана, юу хийх гээд байгааг тодорхой өгүүлсэн байх ёстой.
Үр дүнг нь хэмжиж болох: үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхой зааж өгөх нь хариуцлага тооцох, зорилт хэр хэрэгжиж байгааг тухай бүр хэмжих бололцоо олгодог.
Бодитой: Зорилтуудыг хэрэгжүүлэх цаг, хугацаа болоод хөрөнгө, нөөцийг үнэлэн, чадвар, чадавхидаа зохицсон, биелэх боломжтой байх ёстой.
Уялдаа холбоотой: Зорилтууд нь хоорондоо нийцсэн, ирээдүйг харсан, бие биенээ үгүйсгээгүй байх учиртай.
Ядаж л энэ хэдэн шалгуурыг хангаж байж “сайн” зорилт, амлалттай мөрийн хөтөлбөр болж, иргэд ч нам, эвсэл, Засгийн газрын үйл ажиллагааг үнэлэх, хянах боломжтой болно.
АН болоод МАХН-ын мөрийн хөтөлбөр энэ хэдэн шалгуурыг хангаж чадаж байна уу?
Үнэнийг хэлэхэд энэ хоёр намын мөрийн хөтөлбөрийг хэдэн удаа уншсан ч дээрх шаардлагуудын ядаж хоёрыг нь хангасан ганц ч зорилт, амлалт олж чадахгүй.
Хэдхэн жишээ татахад:
Иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийг бодит ажил болгож, залуу гэр бүл болон орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны зээлийн бодлого хэрэгжүүлнэ л гэнэ. Яаж бодит ажил болгох, хэдэн хүнийг орон сууцаар хангах, санхүүжилтийг нь хэрхэн гаргах зэрэг нь үнэндээ бол тодорхойгүй. Ийм амлалт хэрэгжсэн эсэхийг дөрвөн жилийн дараа бид яаж мэдэх вэ? Одоогийнхоо байдалтай харьцуулая гэхээр одоо ямар байгааг нь иргэдэд огт мэдээлэхгүй байгаа юм чинь. Хамаатан садан, найз нөхөд гэх мэт 10 хүний зээлд хамруулсаныг энэ амлалт хэрэгжсэн гэж үзэх юм уу, залуу гэр бүл болон орлого багатай бүх иргэд зээлд хамрагдах боломжтой болсоныг амлалт хэрэгжсэн гэж үзэх юм уу?
Нутгийн өөрөө удирдах ёсыг иргэдийн мэдэлд бүрэн шилжүүлж, иргэд нь нутаг усныхаа асуудлыг мэддэг эзэд нь болно. Үүний тулд төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ л гэнэ. Бодоход төвлөрөл сааруулахыг ярьж байгаа бололтой. Төвлөрөлийг сааруулах бодлого олон хэлбэртэй. Delegation, devolution, deconcentration гурвын чухам алийг нь яриад байгааг сонгогчид битгий хэл өөрсдөө ч сайн ойлгоогүй бололтой. Түүнчлэн энэ гурвын аль нь Монголд тохиромжтойг мэдэж байгаа хүн ч алга. Алийг нь ярьж байгааг мэдэхгүй болохоор яаж хэрэгжүүлж, яаж үр дүнг нь хэмжих асуудал бол бүр тодорхойгүй.
Олон улсын үйлчилгээний шаардлага, стандартад нийцсэн онгоцны шинэ буудлууд барьж татваргүй барааны, онгоц үйлчилгээ засварын, бараа тээвэрлэх, нөөцлөх агуулах, үйлчилгээний иж бүрэн цогцолбор байгуулна л гэнэ. Хаана, хэзээ, хэдэн буудал барих гээд байна вэ? Хөрөнгө нь хаанаас гарах гээд байна вэ? Зээл авч дараа нь иргэдэд төвөг болох гэж байна уу? Эсвэл үнэгүй барьж өгөх өгөөмөр улс олчихсон юм уу?
Аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа нэг иргэний жилийн орлогыг 10 сая төгрөгт хүргэнэ л гэнэ. Яаж хүргэх юм. Хүрэхгүй бол Засгийн газар бэлэн мөнгө өгчих юм уу? 10 саятай болох гээд бүх хүн аялал жуулчлалын салбарт ажиллах болвол яах вэ?
Улаанбаатар хот, томоохон суурин газруудын утаа, агаарын бохирдлыг багасгана л гэнэ. Одоо ямар хэмжээтэй байгаа юм. Яаж, хэр хэмжээнд хүртэл бууруулах юм. Бүх томоохон суурин газрууд юм уу, аль эсвэл хэдхэн нь юм уу? 1 хувиар буурсаныг амлал биелсэн гэх үү, 70 хувь буурсаныг амлалт биелсэн гэх үү? Аль аль нь л буурсан байна шүү дээ.
Бүх аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно л гэнэ. Хэзээ? Тийм их мөнгө байгаа юм уу? Байхгүй бол яаж олох вэ?
Төрийн албыг цомхон, чадварлаг, хариуцлагатай, ёс зүйтэй ажилладаг болгон шинэчлэнэ л гэнэ. Цомхон, хариуцлагтай болсоныг нь яаж мэдэх юм? Яаж, ямар орчин бүрдүүлж ийм сайхан болгох юм.
Цалин, тэтгэврийг 3 дахин нэмэгдүүлнэ л гэнэ. Мөнгөний ханш унаад байх юм бол цалин, тэтгэвэр нэмэгдээд ч яадаг юм. Үүнийг өмнөх дөрвөн жил хангалттай харуулсан. Цалин 2 дахин нэмэгдсэн ч, 250 төгрөгний талх 800 төгрөг болчихоор ямар хэрэг байна. МАХН цалин нэмэгдүүлнэ гэсэн өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлсэн үү гэвэл биелүүлсэн. Гэхдээ мөнгөний ханш унаад цалингийн нэмэгдэл маань хэнд ч хэрэггүй болсон л доо. Үүнийг л зорилт, амлалтууд уялдаа хобоотой байх гээд байгаа юм шүү дээ.
Энэ мэтээр бичээд байвал бүх амлалтыг нь гоочлох хэрэгтэй болно л доо. Дээр дурьдсантай адил эдгээр амлалтууд биелэх боломжтойг нь одоо яаж мэдэж саналаа өгөх вэ? Бас биелсэн эсэхийг дөрвөн жилийн дараа яаж мэдэх вэ?
Дөрвөн жилийн өмнө бид сайхан боловч тодорхойгүй, биелэх боломжгүй, үр дүнг нь үнэлэх аргагүй амлалтуудад аргагүйн эрхэнд хууртсан. Одоо ч гэсэн хууртахаас өөр аргагүй л болчихоод байх шиг байна. Энэ муухай аргад нь хууртдагт нь амташсан улс төрийн намууд энэ аргаа дахин хэрэглэж байна.
Улс төрийн намууд бол мэдээжийн хэрэг өөрсөддөө л ашигтай, хариуцлагаас мултрах боломжтой зүйл хийх нь ойлгомжтой. Үүнтэй нь улс төрчдийн “дарга” болох иргэд тэмцэхгүй юм бол хэн тэмцэх юм? Бид хэлэхгүй юм бол хэн хэлэх юм?
Муухан компаниас долоон дор стратеги төлөвлөгөөтөй Монгол Улс минь хөөрхий.
Үүнээс хойш, түүнээс цааш “сайн” зорилт, амлалт шаардаж, улс төрийн нам, улс төрчидтэй хариуцлага тооцох орчин бүрдүүлэе.

Сэтгэгдэлүүд:
Юу хүсч байна тэрийг нь өгий гэсэн таакчигтай.
гохинээ гэхээс өөр яахуу дээ.
Tiimee uls turiin namiin gol zorilgo bol songogchdiin zah zeel deer uls ornii hugliin bodlogiin barimt bichig bolovsruulan tavih yostoi shuu de. Getel ed hugjliin bus, yaval ene songuulid yalah bol gej bodood muriin hutulburuu hooson amlaltaar bulshlaad baihaar ene mongol yaj hugjih bilee. Irgedee huurah ene argand irged uursduu unaad baina shuu dee. Uneheer ene 2 namiin muriin hutuldurt shuud boditoor tootsoh hemjuur baihgui. Neg hund onogdoh Dotoodiin Niit buteegdehuun gesen hooson toogoor huutsulduud l... Getel ter toonii usult ni shuud utgaaraa irgediin amidrald yamarch ur dun avch irehgui baigaad l haramsaj baina. olon yum amlaj soliorch baihiin orond irgedee yadaj oron suutsjuulah bodlogod uls suurtai handval ...
Сэтгэгдэл үлдээх: