Монгол Улс нэлээдгүй их баялагтай гэнэ. Энэ их баялагын нэлээдгүй нь ашигт малтмал хэлбэрээр газрын хөрсөн дор байгаа юм байна. Үүнийгээ хэрхэн олборлох, ашиглах, мөнгө болгох талаар олон арван санал гаргаж байгаа хэдий ч одоо болтол тодорхой шийдэлд хүрээгүй байна. Гэсэн хэдий ч УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт орд газруудыг ашиглах, иргэн бүрт хувь хүртээх талаар зөндөө л сайхан амлалтууд орсон байх юм. Зарим нэг нь 51:49-ийн харьцаагаар төр, хувийн хэвшил хамтран эзэмшинэ гэж байхад зарим нь бүр 100 хувь төр эзэмшиж, иргэн бүрт алтан хувьцаа олгоод л, иргэн бүр сардаа хэдэн мянган долларын орлоготой болж, бараг л амьдрахын тулд ажил хийх хэрэггүй болох ухааны юм амлаж байна. Хамгийн сонирхолтой нь ашигт малтмалын ордуудаа хэрхэн ашиглах талаар хэрэгжих үндэслэлтэй, бодитой, Монгол Улсад ашигтай арга зам олчихсон юм алга бололтой. Магадгүй төрийн түшээд маань учиргүй их ухаантай болохоороо аль хэдийн бодоод олчихсон ч гэсэн тэр их ухаалаг бодлогыг нь мань мэт ойлгохгүй байх гэж санаад хэлэхгүй байж ч болох юм л даа.
Иймээс шинэ 76-гаас бидний баялагыг яах гэж байгаагаа биднээс битгий нууж байгаасай гэж хүсэхийн ялдамд энд, тэндэхийн ном хэвлэлээс будаа идсэн зарим нэг зүйлээ бусадтай хуваалцахыг хүслээ.
Бодит байдал ямар байна вэ?
1. Бидэнд ашигт малтмал нэлээдгүй хэмжээгээр байна. (Нэг жишээ татахад Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 170 км, Ногооннуур сумын төсөөв 70 км-т байрлах Асгатын мөнгөний орд нь 6402.6 мянган тонн хүдрийн, 2247.8 тонн мөнгөний, 72646.6 тонн зэсийн, 31830.9 тонн сурьмагийн, 3319.8 тонн висмутын, 2631.6 тонн жишмэл мөнгөний нөөцтэй нь тогтоогджээ. Тавантолгойн ордын хувьд нүүрсний нөөцийг нь 5073644.17 мянган тонн гэж тогтоогоод буй аж.)
2. Бидэнд эдгээр ашигт малтмалыг олборлох, ашиглах шаардлага байна. (Зөвхөн Оюу Толгойгоос жилд дунджаар 500.000 тн зэсийг 72 жилийн турш олборлох боломжтой бөгөөд одоогийн зэсийн ханш болох 8000 доллараар бодоход 4 тэрбум доллар жилдээ олж болох бөгөөд энэ нь хөлөө олж ядаж буй манай улсад маш хэрэгтэй нь ойлгомжтой.)
3. Ашигт малтмалын ордуудыг ашиглах, олборлолт, боловсруулалт хийхэд маш их хөрөнгө хүч хэрэгтэй. (Хамгийн хялбар жишээ татахад л Оюутолгой, Тавантолгойн баялагийг гадагш гаргахад хэрэгтэй төмөр замын төсөл гэхэд тэрбум доллар болж байна. Эдгээр уурхайг цахилгаанаар хангах станцын өртөг 3 тэрбум доллар болж байна. Тува, Шинжаан хоёрыг Монголоор дайруулж төмөр зам болон авто замаар холбох эдийн засгийн нөхцөл шаардлага бүрдчихээд байгаа боловч үүнд тэрбумаараа хөрөнгө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жилийн төсөв нь 2 тэрбум ам.доллар ч хүрдэггүй Монгол Улсын хувьд бол ахадсан асуудал гэсэн үг.)
4. Одоогийн байдлаар Монгол Улсын хувьд энэ их хөрөнгө, мөнгийг гаргах боломжгүй. (Зарим нэг хүмүүс зээл аваад болгочихно хэмээн санаж байж болох. Гэтэл судлаачдын үзэж буйгаар 2020 оноос эхлэн Монгол Улс урьд өмнө авсан зээлээ төлж эхлэх бөгөөд гадаад зээлийнхээ өр төлбөрт 150 орчим сая ам.доллар, хүүд нь 50 сая ам.доллар, нийтдээ 200 сая ам.доллар жил бүр төлөх ажээ. Өөрөөр хэлбэл жил бүр ОХУ-д төлсөн шиг их өрийг жил бүр төлнө гэсэн үг. Иймд зээл авах гэдэг бол тийм ч сайн арга биш байж магад.)
5. Нэгэнт Улсын маань хөрөнгө, хүч үйлдвэр байгуулах, төмөр болон засмал зам тавих, тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт хүрэхгүй тул гадаад орны болон хувийн хэвшлийн оролцоо, туслалцаа заавал хэрэгтэй. (Гадаад орон, хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь хөрөнгө мөнгөний туслалцаа авахаас гадна өөр сайн талтай байж болно. Жишээлбэл, а. Үйлдвэр байгуулагдаж, үйл ажиллагаа нь тогтворжин, ашиг олох хүртэл дэлхий дахинд, эдийн засагт юу тохиохыг бид мэдэхгүй тул гадаад орон, хувийн хэвшилтэй хамтран ажилласанаар гарч болох эрсдлийг хамтран үүрэх хүнтэй болж байгаа гэсэн үг. Эрсдлийн менежментийн үүднээс бол энэ нь зөв алхам байж болох. б. Бидний хувьд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байгуулагдсанаас хойш ашигт малтмал олборлож байгаа боловч Таван толгой, Асгат, Оюу Толгой зэрэг томоохон ордуудыг ашиглах, үйлдвэр ажиллуулах туршлагагүйн дээр бэлтгэгдсэн боловсон хүчин хомс байна. Иймд эхний ээлжинд мэддэг, чаддаг, туршлагтай хүмүүсээс нь суралцаж, боловсон хүчнээ сайтар бэлтгэж авахын тулд бусадтай хамтрах хэрэгтэй. в. Хувийн хэвшилд авилга, арын хаалга төрийн байгууллагуудтай харьцуулахад хамаагүй бага байдгын учрыг бүгд мэдэх тул эхний ээлжинд төрийн оролцоог аль болох бага байлгах хэрэгтэй болохыг нарийвчлан тайлбарлах хэрэг энд байхгүй биз. Энэ мэтчилэн гадаад орон, хувийн хэвшилтэй хамтрахын сайн тал олон байж болно.)
6. Гэхдээ иргэд газрын баялагаа дуусан дуустал нь гадныхантай хуваалцах сонирхолгүй байна. (Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Стра¬те¬гийн ач холбогдолтой орд газарт төр 51 хувийн мэдлээ тогтоох гэж байна. Гадаадын хөрөнгө оруулаг¬чид vлдсэн 49 хувиас илvvгvй мэдэлтэй байх төсөл УИХ-д өргөн ба¬ригдаад байгаа. Мэдээжийн хэрэг ийм хувилбар байж болох. Гэхдээ энэ хувилбараар явах тохиолдолд газар доорх баялаг маань дуусан дуустал гадны хэн нэгэн нэлээдгүй хувь авна гэсэн үг.)
Товчхондоо бол бид гадныхантай хамтрахаас өөр замгүй юм байна. Гэхдээ л өөрийн баялагаа дууссан дуустал нь бусадтай бас хуваалцмааргүй байна.
Одоо яах вэ?
Мэдээжийн хэрэг гадаад орон, хувийн хэвшилтэй хэрхэн хамтрах талаар олон арга, зам байдаг байх. Би бүгдийг нь мэдэхгүй юм. Гэхдээ л манай хуучин гэж хэлж болох 76-ын хэлээд, яриад байгаа 51:49 буюу хувь нийлүүлэн, хамтран эзэмшихээс өөр олон арга мэдээж байна. Хувийн ашиг сонирхолоосоо ч болсон юм уу, гадныханд тийм их сайн ч юм уу мэдэх юм алга. Ямар ч л гэсэн нэг л арга, зам байгаа мэт аяглаж, баахан л тоо, харьцаа ярисан хүмүүс байх юм. Зарим нэг нэр дэвшигч, нам эвслийн яриад байгаа шиг төр 100 хувь мэдэлдээ аваад, иргэддээ баахан хишиг хүртээх бол шууд хэлэхэд бүтэхгүй хувилбар юм. Миний л олж сонссоноор дэлхийн 220-иод орноос 120-иод нь уул уурхайн салбарыг хөгжvvл¬сэн байдаг аж. Энэ 120 орноос төр нь уул уурхайд өндөр хувь эзэмшдэг нь ганц хоёр¬хон л байдаг бөгөөд эдгээр орнуудын туршлага сайныг өгүүлсэн гэж лав сонсогдоогүй.
Гадаад орон, хувийн хэвшилтэй хамтран ажиллах арга замуудыг ажиглах аваас хамгийн өргөн хэрэглэгддэг 10 хэлбэр байх. Эдгээрээс өөрийн орны онцлог, нөхцөл, байдал зэргээ харгалзан сонгон хэрэглэж болох ажээ. Энэ удаад энэ 10 хэлбэрийн бүгдийг нь тайлбарлаж Та бүхнийг чилээхгүйн үүднээс өөрийн бодлоор Монгол Улсын нөхцөл, байдалд нийцэх төдийгүй дийлэнхи иргэдийн санаанд нийцэж магадгүй гэж санасан нэг хэлбэрийг нь товч тайлбарлая.
Энэ хэлбэрийг хамгийн товчоор:
Барь, эзэмш, удирдан зохион байгуул, шилжүүл
хэмээн томъёолж болно.
Жишээлэх аваас манай нэг орд газар 1 триллион (их наяд) ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс байна гэж тооцоё. Үүнийг олборлох, дэлхийн зах зээлд хүргэхэд 10 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэж үзэе. Бидэнд ийм их хэмжээний хөрөнгө гаргах бололцоо байхгүй тул хувийн компанитай иймэрхүү хэлэцээр хийнэ гэсэн үг:
Манай орд газрыг ашигла. Та бүхэн 10 тэрбум ам.долларыг бүгдийг нь гаргаад (БАРЬ) үйдвэр барь, дэд бүтцийг нь хөгжүүл, дэлхийн зах зээлд хүргэх боломжийг бий болго. Дараа нь 10 жилийн хугацаанд (ЭЗЭМШ) үйлдвэрлэлийн орлого та бүхнийх болно. Энэ хугацаанд та бүхэн (ЗОХИОН БАЙГУУЛ) олборлолт, ашиглалт, борлуулалт зэрэг бүхий л зүйлсийг удирдан зохион байгуул. Эзэмших хугацаандаа та бүхэн дээд тал нь жилд 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс олборлох эрхтэй. Эцэст нь 10 жилийн дараа (ШИЛЖҮҮЛЭХ) орд газар, үйлдвэр, тоног төхөөрөмж зэрэг бүхий л зүйлсээ Монгол Улсад шилжүүлэн өгнө. (Гэрээнд өөр олон зүйл тусгаж болох. Боловсон хүчнээ сайтар бэлдэж авахын тулд үйлдвэрт ажиллах Монгол ажилчдын тоог 10 жилийн хугацаанд жил бүр нэмэгдэж байхаар ч оруулж болно.)
гэсэн маягтай. Энэ хувилбар нь хамтрагч 2 талд аль алинд нь ашигтай. 10 жилийн хугацаанд жил бүр 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс олборлох аваас хувийн компани буюу анх хөрөнгө гаргагч маань 100 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс олборлоно гэсэн үг. Үүнээс анх гаргасан 10 тэрбум ам.долларыг хасаад 90 тэрбум ам.долларын ашигтай үлдэнэ гэсэн үг. Мэдээжийн хэрэг үүнээс татвар, тээвэрлэлт гэх мэт тодорхой хэмжээний зардал хасагдана л даа. Гэхдээ л асар их ашигтай.
Монгол Улсын хувьд энэ 10 жилийн хугацаанд 1 ам.доллар ч гаргах шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь тус компани гэрээнд заагдсан хэмжээний нүүрс олборлож байгаа зэрэг гэрээнд тусгагдасан үүргээ биелүүлж байгаад нь хяналт тавих үүрэгтэй байх болно. 10 жилийн дараа Монгол Улс ашигт малтмалаа өөрсдөө олборлоод, боловсруулаад, зарах мэдлэг, туршлагатай боловсон хүчин, тодорхой хэмжээний дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүрэн бүтэн тоног төхөөрөмж (бардаагаар 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний), үүний дээр 900 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний газрын баялагтайгаа үлдэнэ гэсэн үг юм. Дээрээс дээрх 10 жилийн хугацаанд тус компаниас авах татвар нэмэгдэх боложтой. Иймд Монгол Улсад ч гэсэн ашигтай.
Дээрх бол хамгийн хялбараар, жишээлэн бичсэн бөгөөд энэ хэлбэрийг сонгох аваас хугацаа, тоо, хэмжээ зэрэг асуудлыг нь нарийвчлан Монгол Улсад аль болох ашигтайгаар хэлэлцэн, тохирох боломжтой.
Эцэст нь хэлэхэд тал үйлдвэр ч барих мөнгөгүй байж төр бүгдийг нь авна гээд өдөр бүр олон зуун мянган доллар алдаж суух, газрын баялагаа дуусан дуустал нь хэн нэгэнтэй 51:49 хуваах аль аль нь бидэнд хэрэггүй. Харин дээрхийн адил өөр, бусад боломжийг эрэлхийлэн, Монгол Улсад, Монгол хүнд ашигтайгаар шийдэх нь Монгол хүн бидний төлөөлөл болох шинэ 76-ын зорилго байх ёстой.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: