“Засаглал” гэх ойлголт юу илэрхийлж байна вэ?


“Засаглал” гэсэн ойлголтыг Монголчууд бид хэрэглэж эхэлсээр нэлээд хугацаа өнгөрчээ. Сүүлийн үед “моод”-нд бүр ч их орж байх шиг байна. Хэд хоногийн өмнө нэг нийтлэл уншиж суутал “хамгийн бага засагладаг төр” гэж бичсэн байхтай таарлаа. Либертари үзэл энэ тэр бичиж байхдаа дурдсаныг нь бодвол “minimal state” гэсэн үгийн орчуулга юм байна гэж таах, ойлгох хоёр зэрэгцлээ. “Мinimal state” гэдэг нь нийгмийн гэрээний онолд үндэслэсэн бөгөөд сонгодог либерал үзлийн тулгуур ойлголт мөн боловч “хамгийн бага засагладаг төр” гэж Монгол хэлнээ буулгаж хэрхэвч болохгүй. Ингэх аваас “засаглал” гэсэн ойлголтыг буруугаар ойлгоход хүрнэ. Ингэхэд “засаглал” гэж юуг хэлээд байгаа юм бэ?

“Засаглал”-ын талаар нэлээдгүй судалгаа хийж, олон арван ном бичсэн Рөүдс (R.A.W Rhodes) гэж судлаач бий. Тэрээр засаглалыг:

Өөрийгөө удирдан, зохион байгуулах чадвар бүхий байгууллага хоорондын сүлжээ

хэмээн тодорхойлсон байна.

Энэ бол тийм ч муу тодорхойлолт биш л дээ. “Засаглал”-ын агуулгыг ерөнхийд нь гаргаж байгаа юм. Гэхдээ энэ тодорхойлолт нь засаглалын талаар бүрэн гүйцэд ойлголт өгч чадахгүй байгаа юм. “Засаглал”-ыг сайтар ойлгохын тулд 1-рт Засгийн газар юуны учир “засаглал”-р солигдох шаардлага байгааг ойлгох, 2-рт “засаглал” гэсэн ойголтын бүхий л элементүүдийг таньж мэдэх хэрэгтэй юм.

1970-аад оны үеэс эхлэн Засгийн газар нийгмийн бүхий л асуудлыг шийдэх чадавхитай эсэх талаархи маргаан улам бүр хүчтэй өргөжих болсон нь эдийн засгийн хямрал, даяарчлал,  маш хурдацтай хувиран өөрчлөгдөж буй орчин зэргээс үүдэлтэй.

Хамгийн товчхоноор хэлбэл Засгийн газрууд дээрх нөхцөл, байдлуудын улмаас нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийг бэхжүүлж, ардчилалын баталгааг хангах чадавхигүй болж эхэлжээ. Түүнчлэн  Засгийн газарт нийгмийг удирдан, зохион байгуулах ажлыг ганцаар гардан гүйцэтгэх эдийн засгийн боломж, мэдлэг, мэдээлэл байхгүй болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Иймд нийгмийг удирдан, зохион байгуулах ажилд Засгийн газраас гадна хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах шаардлага зүй ёсоор үүсчээ. Хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд зэрэг нийгмийг бүрдүүлж буй бүх л субьектүүдийг нийгмийг удирдан зохион байгуулах ажилд оролцуулахын тулд Засгийн газарт шинэ стратеги, шинэ бүтэц, шинэ арга барил хэрэгтэй болсон бөгөөд Засгийн газар ч өөрөө хувиран өөрчлөгдөх шаардлагатай болсон байна.

Kjear 2004,Pierre and Peters 2000,Wright and Gamble 2004, Farazmand and Pincowski 2007, Rosenau 1995 зэрэг засагалалын талаар голлон судалдаг судлаачдын бүтээлээс харахад засаглал гэсэн ойлголт нь дараахь бүхий л зүйлсийн утгыг агуулсан өргөн хүрээтэй ойлголт болж таарч байна. Үүнд:

• Төвлөрөлийг сааруулах бодлого
• Ардчилал
• Хөгжил дэвшил
• Байгууллага хоорондын сүлжээ
- төрийн бус байгууллагууд
- хувийн хэвшил
- Засгийн газрын байгууллагууд
• Улс төр
• Удирдахуйн ухаан
• Төрийн шинэ менежмэнт
• Сайн засаглал
• Социал-кибернетик систем
• Байгууллагын удирдлага, зохион байгууллатын систем

зэрэг багтана.

Дээрхийг системчлэн, ангилавал “засаглал”-ыг бүтэц, процесс, үнэт зүйлс гэсэн гурван үндсэн элементээс бүрдэж байна гэж ойлгож болох юм.

Бүтэц гэдэг нь төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын бүтэц өөрчлөгдөн, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил хамтын ажиллагааны, гэрээгээр гүйцэтгэх зэрэг зарчмын үндсэн дээр төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэх шинэ бүтэц үүсгэсэнийг хэлнэ. Нэг ёсондоо агаарын бохирдол, инфляц, ядуурал зэрэг асуудалтай тэмцэхэд төрийн хүчин чадал хүрэлцэхгүйн дээр хотын гэрэлтүүлэг, гудамж, талбайн цэвэрлэгээ зэрэг асуудлыг үр дүнтэй, бага зардлаар шийдвэрлэхэд төрийн байгууллагын бүтэц тохиромжгүй байгаа юм. Иймд дээрх асуудлуудыг зөв зохистой шийдвэрлэхийн тулд төрийн байгууллагын бүтэц, ажлын арга барилыг өөрчлөх хэрэгтэй болжээ.

Процесс гэдэг нь эдгээр байгууллагуудын хооронд бий болж байгаа харилцааг илэрхийлэх бөгөөд энэ нь төрийн албаны шинэтгэлийн үндсэн зарчмуудын нэг болох “төр гардан гүйцэтгэх бус зохицуулах буюу зохион байгуулах ёстой” гэсэн зарчимтай салшгүй холбоотой юм. Төрийн үндсэн үүрэг бол боломжтой бүхий л зүйлсийг төрийн мэдэлд авч, боломжтой бүхий л  үйлчилгээг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэх огт биш бөгөөд харин ч төрийн зайлшгүй хариуцахаас бусад асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил зэрэг төрийн байгууллагуудаас илүү үр дүнтэй, шуурхай, хэмнэлттэй гүйцэтгэх чадвар, мэдлэг, нөөц бүхий бүтцэд шилжүүлж, төрийн зүгээс оновчтой зохион байгуулалт хийх ёстой юм.

Үнэт зүйлс гэсэн элемент нь Дэлхийн Банкнаас анхлан гаргасан сайн засаглал гэсэн ойлголттой холбогдох бөгөөд энэ нь ардчилал, иргэдийн оролцоо, ил тод байдал, шударга ёс, тэгш боломж, хариуцлагын тогтолцоо, ёс зүй зэрэг утгыг агуулж байгаа хэрэг.
 

Дээрхийг нэгтгэн “засаглал”-ыг:

Байгууллага (төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн) хоорондын хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр нийгмийн хөгжил, дэвшилд хүрэх ардчилсан арга замуудын нийлбэр

хэмээн тодорхойлж болох юм.
 

Өөрөөр хэлбэл “хамгийн бага засагладаг төр” төр гэх аваас төрийн дарангуйлал тогтож, нийгмийг удирдан жолоодох, нийгэмд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд иргэд, иргэний нийгэм, хувийг хэвшлийн оролцоо хумигдаж, нийгмийн бүхий л асуудлыг төрийн эрх барьж буй хэдэн хүн шийдэх бололцоотой болох юм.

“Хамгийн их засагладаг төр” гэдэг бол дээрхийн яг эсрэгээр, бодлого боловсруулах, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг олон субьект оролцох  боломжийг хангахтай холбогдон ойлгогдоно. Учир нь засаглал гэсэн ойлголт маань өөрөө хамтын ажиллагааг онцлон үздэг болохыг дээр дурьдсан.

Иймд бидэнд “хамгийн бага засагладаг төр” бус “хамгийн их засагладаг төр” хэрэгтэй.

Сэтгэгдэлүүд:

1. unshigch (зочин) | 2008-04-15 12:05:33
medeegui bsan zuiliig meduulj ugsund tani bayarlalaa. ter niitleiig bichsen hun n shuud ugchileed orchuulchdag genee tegeed l amitan hunii tolgoi erguuleed l he he ineedtei ch ymaadaa.
2. snake_c99 (зочин) | 2008-04-15 17:47:27
ih bayarlalaa. tanii niitlelees olon zuiliig meddeg bolj bn. bicheed baigaarai. amjilt husie
3. AD (зочин) | 2008-04-17 19:02:26
Sonirholtoi bailaa. Tiimee Hamgiin ih zasagladag tur-tei bolohoor Irgenii ardchilsan niigem baiguulah gesen unet zuiliig undsen huulindaa tusgasan oron bol ug ni MOngol shuu dee. Hussen huseegui irgenii niigmiin baiguullaguudiin oroltsoo uuruu hugjin garch irj irgend bolood irgenii erh ashgiin tuluu ajillahaas gadna, ergeed turiin uil ajillagaagch hyanahad chuhal uureg guitsetgene. Gevch minii bodloor odoogoo manaid deer eruul zui togtloor NGO uud bii bolohgui bna. Harin Hen negen uls turchiin plakat, CV ii chimeg boloh, ali esvel hen negen uurt ashigtaigaar uls turjuuleh, ashig honjoo haihad zoriulan NGO uudiig baiguulaad baigaa yum shig ajiglagddag. Gevch bugd iim bish baigaa gedegtee ch sanal neg bna.
4. x_woman (зочин) | 2008-04-23 20:32:08
xicheeldee mash chuxal xeregtei medeelel olj awlaa thanks

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.