Бид хэддүгээр зууны, ямар улсын иргэн юм бэ?


“Ардчилалын амин сүнс нь чөлөөт сонгууль бөгөөд иргэд өөрсдийг нь удирдан, жолоодох хүмүүсийг сонгох, эс сонгох боломжоор хангагдахыг АРДЧИЛАЛ гэнэ” хэмээн нэгэн судлаач ардчилалыг тодорхойлсон байна. Ардчилал гэдэг нь чөлөөт сонгуулиас илүү өргөн агуулгатай боловч ардчилалын гол утга, учрыг нь давгүй сайн гаргасан тодорхойлолт юм. Түүнчлэн сонгогдох, сонгох эрх нь дангаараа төлөөллийн ардчилалыг бүрэн төгс бий болгож чадахгүй хэдий ч төлөөллийн ардчилалыг бэхжүүлэх үндсэн суурь болж өгдөг байна. Өөрөөр хэлбэл сонгууль өгөх насанд хүрсэн иргэн бүрийг сонгох, сонгогдох эрхээр хангахгүйгээр ардчилал, эрх, эрх чөлөө ярих нь утгагүй юм. Өмнөх нийтлэлүүдэд сонгууль яах гэж явуулдаг талаар бичиж байсан тул шууд үндсэн сэдэврүүгээ оръё.

Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр гадаад улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн аль ч сонгуульд оролцох эрхгүй болжээ. Үүнийг олж мэдээд хэддүгээр зууны, ямар улсын иргэний харъяалалтайгаа бараг мэдэхээ болилоо. Жил гаруйханы өмнө ардчилалын замаар замнаж буй, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн байсан юмдаг.

Ингэхэд Монгол Улс хэдэн иргэнтэй юм бэ? Холбогдох байгууллагууд нь зуу гаран мянгын зөрүүтэйгээр мэдээлэх юм. Энэ жил болох УИХ-ын сонгуультай холбоотойгоор ч юм уу, ямар ч л гэсэн иргэдээ тоолж байгаа юм гэсэн. Ашгүй дээ. Улс байна даа энэ чинь. Ядаж хэдэн иргэнтэйгээ нэг сайн мэдэе.

Гадаад улсад Монгол Улсын яг хэдэн иргэн ажиллаж, суралцаж, амьдарч байгааг би байтугай хэдэн зуун ажилтантай, иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг, хариуцсан байгууллагууд нь мэддэггүй бололтой. За аль аймгаас хэдэн хүн гадаад улсад байгааг бүр ч мэдэхгүй биз. Эсвэл мэддэг ч гэсэн нуудаг байж магадгүй юм. Холбогдох байгууллагуудынх нь цахим хуудаснаас чадлаараа эрээд олсонгүй. Харин Зууны мэдээ сонин дээрээс 130.000 гаруй Монгол иргэд гадаад улсад байдагийг олж мэдсэн. Тэдгээрийн дийлэнхи нь төр, засаг нь ажлын байр, амьдрах боломжоор хангаж чадаагүйгээс болоод гадаад улсад ажиллаж байгаа хүмүүс байдаг бололтой. Мэдээжийн хэрэг мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа залуус нэлээд байгаа байх. Ингээд бодохоор эдгээр 130.000 Монгол иргэдийн дийлэнхи нь сонгуулийн насанд хүрсэн, сонгох, сонгогдох эрхтэй Монгол Улсын иргэд байж таараад байгаа юм.

УИХ-ын 1992 оны сонуульд 1.085.129, 1996 оны сонгуульд 1.114.220, 2000 оны сонгуульд 1.247.033 иргэн, Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 1.110.404, 1997 оны сонгуульд 1.115.228, 2001 оны сонгуульд 1.205.885 иргэн санал өгөх насанд хүрсэн байжээ. Одоо энэ тоо бага зэрэг өссөн биз. Гэсэн хэдий ч гадаад улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа 130.000 Монгол иргэд дээр сонгуулийн үеэр гадаад улсад түр хугацаагаар зорчиж буй иргэдийг нэмээд үзвэл сонгуулийн насанд хүрсэн нийт иргэдийн маань 10 гаруй хувь нь буюу сонгуульд оролцох эрхтэй 10 иргэн тутмын 1 нь гадаадад байгаа бололтой.  Сонгуульд оролцох эрхтэй нийт иргэдийнхээ 10 гаран хувийнх нь саналыг золигт гарган, сонгуульд оролцох эрхийг нь боогдуулж байгааг юу гэж ойлгох вэ?

Монгол Улсын сонгуулийн насанд хүрсэн иргэн бүр санал өгөх хэрэгтэй. Учир нь :

1. Ардчилал буюу democracy гэдэг үг нь Эртний Грекээс үүсэлтэй бөгөөд Грек хэлний kratos буюу удирдах, эрх мэдэл гэсэн утгатай үг, demos буюу хүмүүс, ард түмэн гэсэн утгатай үгний нийлбэр юм. Орчин цагт үүнийг иргэд өөрсдийг нь удирдан, жолоодох хүмүүсийг чөлөөт сонгуулийн үндсэн дээр сонгон, төлөөллийн ардчилалын зарчмын дагуу улс, орныг удирдан, жолоодоно гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл  Таны итгэлийг хүлээсэн хүн Таны санал, хүсэлтийг үндэслэн, шийдвэр гаргаж, бодлого боловсруулан,  Таны төлөө ажиллана гэсэн үг. Иймд гадаад улсад байгаа иргэдийн итгэлийг хүлээж, тэдний санал бодолыг төрийн үйл ажиллагаанд тусгаж, тэдний төлөө ажиллах хүмүүсийг сонгох сонгуульд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулах зайлшгүй шаардлагатай.

2. Сүүлийн үед сайн засаглалыг хөгжүүлнэ хэмээн их ярих болж. Засаглал гэдэг нь засаг, Засгийн газар гэсэн ойлголтоос өргөн хүрээтэй бөгөөд товчхондоо нийгмийн амьдралыг зохион байгуулах бүхий л арга, замын нийлбэрийг хэлдэг хэмээн ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагаанд зөвхөн төр, түүний байгууллагууд бус төрийн бус байгууллагууд, эвсэл, холбоод түүнчлэн иргэн бүр оролцох боломжтой байхыг сайн засаглал хэмээн ойлгож болно. Сайн засаглал гэдэг нь аливаа улсын иргэн бүр өөрийн санал, бодлоо төр, Засгийн газарт хүргэн, төр, Засгийн газар нь иргэдийнхээ санал, хүсэлтийг хүндэтгэн, үйл ажиллагаандаа  баримтлахыг хэлж байгаа юм бол сонгуулийн насны 10 иргэн тутмын 1-нийх нь саналыг орхигдуулж огт болохгүй.

3. Сайн засаглалтай холбоотойгоор цахим засаглал гэсэн ойлголт бидний амьдралд нэгэнт нэвтэрчээ. Цахим засаглал гэсэн нэртэй хөтөлбөр ч хэрэгжүүлж байгаа. Цахим засаглал гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Төр, түүний байгууллагуудын үйл ажиллагаанд мэдээллийн технологи хэрэглэх замаар төрийн байгууллагын ажлыг хурдан, шуурхай, хүнд сурталгүй болгох, иргэд төр, түүний байгууллагуудаас хялбар замаар мэдээ, мэдээлэл авах, санал, бодлоо эрх баригчдад хүргэх боломжоор хангагдахыг хэлнэ хэмээн товчоор тодорхойлсон байна. Сонгууль гэдэг нь иргэд төрийн эрх барих хүмүүсийг сонгох төдийгүй өөрсдийн санал бодлоо төр, засгийн газарт хүргэх боломжийг хамарсан ойлголт юм. Ингэхээр цахим засаглал, сонгууль хоёр иргэдэд санал, бодлоо төр, Засгийн газарт хүргэх боломж олгодгоороо адил талтай. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологи ашиглан гадаадад байгаа иргэддээ сонгуульд оролцох боломж олгох нь цахим засаглалын нэг зорилго байх учиртай.

4. 130.000 санал гэдэг бол сонгуулийн дүнг хааш ч эргүүлж мэдэх тоо. 1992, 1996, 2000 онд явагдсан УИХ-ын сонгуулийн дүнгээс харахад 50 буюу түүнээс дээш хувийн санал авч ялалт байгуулах нэр дэвшигчдийн  тоо буурч байгаа нь харагдаж байна. 1992 онд 19, 1996 онд 28, 2000 онд 30 нэр дэвшигч тухайн тойргийн нийт сонгогчдын 50 хувиас доош хувийн санал авч ялалт байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл нэг нэр дэвшигч бусдаасаа илт давуу байдлаар ялах явдал буурч, нэр дэвшигчдийн саналын тооны харьцаа бага байх болсон байна. Энэ нь цөөн тооны санал сонгуулийн дүнг өөрчлөх боломж ихэссээр байгааг харуулж байна. Иймд гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг сонгуульд санал өгөх боломжоор хангах шаардлагатай юм. Ингэсэн цагт сонгууль шударга явагдаж, сонгуульд ялсан улс төрийн хүчин засаглах эрхийг бодитоор эдлэх эрх үүснэ.

5. Миний олж сонссоноор гадаадад байгаа Монголчууд нэлээдгүй хэмжээний мөнгийг Монголд байгаа аав, ээж, ах, дүү, хамаатан садан руугаа илгээдэг юм байна. Түүнчлэн манай улсын валютын нөөцийн нэлээд хувийг гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн илгээсэн мөнгө бүрдүүлдэг бололтой. Гадаадад ажиллаж байгаа байгаа хүмүүсийн хөлс, хүчээ урсган байж олсон мөнгийг нь Монголд байгаа аав, ээж, ах, дүү, амраг садан нь Монгол Улсад л зарцуулдаг. Төр, Засгийн газар зөв ажиллахгүй юм бол, зөв менежменттэй байхгүй юм бол, бизнес хийх орчин бүрдүүлэхгүй юм бол, үнийн өсөлтийг хязгаарлахгүй юм бол тэдний илгээсэн мөнгө үр, ашгаа төдийлөн өгөхгүй. Өөрөөр хэлбэл хөлс, хүчээ урсган байж олсон мөнгийг нь  хэрэглэн сайхан амьдрах боломжийг аав, ээж, ах, дүү, амраг саданд бүрдүүлж өгөх үүрэгтэй эрх, баригчдыг сонгох сонгуульд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн бүр оролцох эрхтэй.

Энэ мэтээр бичээд байвал гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг сонгуульд оролцуулах шаардлага олон бий нь дамжиггүй.

Гадаад улсад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах тийм хэцүү юм уу?

Хамгийн товчхоноор ҮГҮЙ гэж хариулж болно. Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн 21-р зуунд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах, сонгуульд оролцуулах асуудал тун ч хялбар болж. Тиймдээ ч дэлхийн олон улс ардчилалын зарчмыг хүндэтгэн, гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг заавал авдаг болжээ. Түүнчлэн нэлээд орон сонгуульд заавал оролцохыг хуульчилсан байдаг тул гадаад улсад байгаа иргэдээ санал өгөх боломжоор хангах нь төрийн үүрэг байдаг байна.

Гадаадад байгаа иргэдийн саналыг авахад асуудалд ямар нэгэн шинэ онол, томъёо, шинжлэх ухаан огт хэрэггүй. Зөвхөн сайн зохион байгуулалт, менежмент, хүсэл, зорилго л хэрэгтэй.

Орчин цагт гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авахдаа:

• Шуудангаар (by post) – сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө санал авах хуудсыг сонгогчид шуудангаар илгээн санал хураалт дуусахаас өмнө шуудангаар буцаан авахыг хэлнэ.

• Итгэмжлэгдсэн этгээдээр (by proxy) – сонгуулийн насанд хүрсэн, тухайн улсын иргэнийг итгэмжлэгдсэн этгээдээр сонгон өөрийн эзгүйд өөрийн нэрийн өмнөөс санал өгөх эрх олгон, санал өгүүлэхийг хэлнэ.

• Өөрийн биеэр (in person) – Сонгуулийн үеэр өөрийн орны дипломат төлөөлөгчийн газар биеэр очиж санал өгөхийг хэлнэ.

• Интернетээр (via internet) – интернэт ашиглан өөрийн байгаа газраас санал өгөхийг хэлнэ.

гэсэн 4 үндсэн аргын заримыг нь эсвэл бүгдийг нь ашиглаж байна.

Иргэд гадаад улсад явахаасаа өмнө болон гадаад улсад очсоныхоо дараа гадаад улсад байгаа сонгогчоор бүртгүүлэх боломжтой байдаг. Зарим улсууд иргэдээ нисэх онгоцны буудал дээр гадаад улсад байгаа сонгогчоор бүртгүүлэх боломжоор хангадаг байна. Дээрх аргуудын алийг нь хэрэглэн санал өгөхөөс шалтгаалан өөр өөр маягт бөглөдөг бөгөөд маягтад ямар зүйл бөглөдөгийг дурын хүн интернэтээс олж, харж болох тул дэлгэрэнгүй бичихээ больё.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах асуудлыг ердийн сонгуулийн адил сонгуулийн хороо нь ерөнхийд нь зохион байгуулдаг бөгөөд иргэдийг саналаа хэрхэн өгөх талаар бүхий л мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Ямар мэдээллээр, хэрхэн хангадаг талаар ч дурын хүн олоод үзчихэж болно.

Мэдээжийн хэрэг улс орон бүр дээрх дөрвөн аргыг өөр өөрийн онцлогтойгоор хэрэглэдэг. Зарим улс гадаадад байгаа иргэдээ зөвхөн (холбооны) улсын хэмжээний сонгуульд оролцох боломжоор хангадаг бол зарим улс бүхий л төрлийн сонгуульд оролцох боломжоор хангадаг. Англи улсын 18 нас хүрсэн иргэн гадаад улсад байхдаа шуудангаар, итгэмжлэгдсэн этгээдээр, өөрийн биеэр гэсэн гурван аргын аль нэгийг нь ашиглан Европын Холбооны болон Их Британийн парламентын сонгуульд оролцох боломжтой боловч орон нутгийн болон хотын захирагчийн сонгуульд оролцох боломжгүй байдаг бол Австрали улсын сонгуулийн насанд хүрсэн иргэн өөрийн оршин суудаг мужынхаа сонгуулийн хороонд бүртгүүлсэнээр бүхий л төрлийн сонгуульд оролцох боломжтой байдаг. Шуудангаар санал авч байгаа тохиолдолд зарим улс саналаа буцаан илгээх төлбөрийг нь төлсөн дугтуйг саналын хуудастай хамт явуулдаг бол зарим улсын иргэд саналаа буцаан явуулахдаа шуудангийн хураамжаа өөрөө төлдөг байна. Өөрөөр хэлбэл гадаадад байгаа иргэдээс санал авах асуудлыг өөрийн улсын онцлог, эдийн засгийн чадавхи, нөөц, бололцоогоо харгалзан өөр өөрөөр шийдвэрлэдэг байна.

Дээр дурдсан жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл:

Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авах боломжтой. Олон улс, хэдэн жил туршаад болоод байгаа юм. Монгол Улсын хувьд ч боломжтой. Зөвхөн хүсэл зориг, зохион байгуулалт л шаардлагатай. Мэдээжийн хэрэг нэгдсэн нэг мэдээллийн сан, байнгын ажиллагаатай цахим хуудас, тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө хэрэгтэй. Энэ бүгд бол Монгол Улсын хэрээс хэтэрсэн, давж гарахгүй асуудал огтоос биш ээ. 

Эрх баригчид нь ардчилсан засаглалтай гэдгээ умартаж сонгуулийн насны 10 иргэн тутмынхаа 1-нийх нь саналыг авахгүй бол иргэн бүр, ялангуяа гадаадад байгаа иргэд эрх баригчдад хэлэх хэрэгтэй, эрх баригчдаас шаардах эрхтэй. Та бүхэн нийлээд сонгогочдын бүхэл бүтэн 10 гаран хувь нь юм шүү дээ. Дээрээс нь бид муу ч үгүй ардчилсан гэгддэг орны иргэд шүү дээ.

Давтан хэлэхэд гадаадад байгаа иргэдийн саналыг авах асуудалд ямар нэгэн шинэ онол, томъёо, шинжлэх ухаан огт хэрэггүй. Зөвхөн сайн зохион байгуулалт, менежмент, хүсэл, зориг л хэрэгтэй.

(Энэ нийтлэлийг “Болжмор”-ын хүсэлтээр бичлээ.)

Сэтгэгдэлүүд:

1. Ганхүү | 2008-02-25 21:39:18
Тиймээ ер нь засгийн газар гэлтгүй бага ч гэсэн гэр орон, сургууль ангидаа, эзэн байх нь хамгийн чухал. Манай ах хэлэхдээ аливаад чин сэтгэлээсээ дурлан хандаж түүнийхээ эзэн нь болж явж байж сая л хөгжил явагдана гэж хэлж билээ
2. hun (зочин) | 2008-02-26 03:14:18
ene niitleliin asuult(title)-ig haraad bi bol 21r zuunii ardchilsan niigemd amidarch bui mongol ulsiin irgen gej helmeer baivch uneheer ingej helhed uchir dutagdaltai. gadaad bg mani metiin humuusiin sanaliig avah heregtei gej minii medhiin olon jil yrij helj heleltsej bn gevch helj yrisnaa ajil hereg bolgoogui bsaar onoodriig hurgej bn. mongol humuusiin yrij heleh n ihdej bgaag haruulj bui neg jishee yum bolovuu. yutai ch minii bolon olon arvan miangan humuusiin ireedui mongoliin toriin terguund garch bui uls torchidiin shiidver uil ajillagaagaar batalgaajij bhad bi yagad, bid yagad sanlaa ogch bolohgui gej? uls oron maani yagad bidniig songoh erheer mini hangaj ogohgui bga yum yagad buhel buteh uls oron bj iimhen technic technologiin asuudliig shiidchij chadahgui bga yum bid yor n onoodor hedduger zuund ymar niigemd amidraad bgaa yum be?
3. Болжмор | 2008-02-26 11:42:57
үнэхээр их баярлалаа.
харин би анх сонгуульд оролцох эрхгүй гэж сонсоод их гайхаж байсан юм. Чи маш сайхан жишээтэй тайлбарласан болохоор бүр ч ойлгомжтой байна. Яагаад болохгүй гэж. 10 хүн тутамын нэг гэдэг чинь асар их тоо байна. Гадаадад гараад сонгох эрхээ хасуулж байгаа бид иргэнээсээ хасуулсантай ялгаагүй санагдаж бүр дургүй хүрч байна. Чиний хэлдэгээр энд сайн зохион байгуулалт л хийвэл болж бүтэхгүй,дааж ядсан хүнд юм ерөөсөө ч алга санагдахын. Тэртээ тэргүй сонгуулийн сурталчилгаа гээд хэрэгтэй хэрэггүй хужаагийн хуванцар тоглоом зоосон болоод,эсвэл урлаг соёлын тоглолт энэ тэр гээд баахан хүртээмжгүй юманд мөнгөө зарцуулж байхаар бодит байдлаа тайлагнаад гадаадад байгаа иргэдээ хүн гэдгээр нь харж үзэж тэднийхээ саналыг авбал илүү л үр дүнтэй байх даа. Баярлалаа хө
4. vitaminjuulalt | 2008-02-26 13:14:39
Зөв асуудал шүү хө
5. ganbaatar (зочин) | 2008-02-27 11:58:23
mash zov bna.yalanguya idevhtei hesgiin sanal heregtei bna
6. ganbaatar (зочин) | 2008-02-27 12:06:45
ene niitlelee sonind ogvol yamar ve buh hin bblogiig unshuh bolov uu
7. unshigch (зочин) | 2008-03-01 11:14:01
tanii buh niitleluudiig algasalgui unshdag bas sanal neg bdag shuu. umnu n bodoj bgaagui esvel meddeggui bsan asuudludiin talaar bichij tuhain asuudlaar medeeleltei, medlegtei bolohod mash ih tus nemer bolj bgad tani uneheer ih bayarlaj bn. taniig tsaashid olon saihan hund heregtei zuils bichij bn gedegt itgeltei bn.
Bayarlalaa.
8. AD | 2008-03-05 19:29:41
Сайн байна уу? Анд аа.
Энэ мэдээжийн асуудал. Наад зах нь гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хасч байгаагаараа манай төр Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.
9. txqubeg dstjcfl (зочин) | 2008-04-20 08:49:55
zgfmakjpq uwytrb ilncm usvnlketa favcwg chldng ktdnwyuaj
10. zikady njgyxm (зочин) | 2008-04-20 08:52:20
lovgrfajp zohxnvfjk tuozxgaj nths xiarq squzkf mfxtyun wbilpm qbtg

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.