УИХ-ын ажлыг хэрхэн дүгнэх вэ?


УИХ-ын сонгууль тун ойртлоо. Нэг ёсондоо иргэн бид ажилчдаа хэр ажилласаныг нь үнэлж, заримыг нь халж, заримд нь үргэлжлэн ажиллах зөвшөөрөл олгох цаг ирж байна. Иймд УИХ-ын ажлыг хэрхэн дүгнэх талаар зарим нэг зүйлийг бичих нь зүйтэй мэт санагдлаа.

Аливаа улсын парламентын зарим үүрэг нь тухайн улсынхаа онцлог, улс төрийн системээсээ хамааран өөр өөр байж болох хэдий ч бараг бүх улсын парламент дараахь үүрэгтэй байдаг. Үүнд:

Хууль тогтоох

Парламентын үндсэн үүргийн нэг бол хууль тогтоох мөн. Иймдээ ч хууль тогтоох засаглал хэмээн нэрлэгддэг. Тухайн улсын бүхий л нутаг дэвсгэрт хүчинтэй байх, иргэд, гаадаадын иргэд, харъяалалгүй  хүн бүр дагаж мөрдөх хууль батлах эрхийг парламентад эдлүүлдэг хоёр үндсэн шалтгаан байх. Нэгдүгээрт, парламент нь хуулийг нээлттэй, мэтгэлцээний замаар хэлэлцэн, батлах институт юм. Хоёрдугаарт, парламентын гишүүд нь иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа иргэд өөрсдөө өөрсдийн дагаж мөрдөх хуулийг хэлэлцэн, олонхийн саналаар батлаж байгаа хэрэг юм. Энэ хоёр шалтгааны үүднээс л парламентад нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоол батлах эрх олгож байгаа хэрэг. Хэрэв нам эвслийн нэр барин, нам нэгдсэн шийдвэрт хүрсэн зэрэг үгээр түрий барьж, хууль, тогтоолыг нээлттэй, мэтгэлцээний журмаар хэлэлцэх зарчмыг хөсөрдүүлж, эсвэл иргэдийн төлөөлөл гэдгээ умартан хувийн, нам эвслийн, ашиг сонирхолын бүлэглэлийн эрх, ашгийг хамгаалан, иргэдийг хууль тогтоох ажиллагаанд оролцох, санал бодлоо тусгах боломжийг эс олговол  парламент биш Дарла-мент болж байгаа нь тэр.

Парламент хууль тогтоох үүргээ хэр биелүүлсэнийг яах дүгнэх вэ? Эрхэм гишүүд маань урьдын адил хэдэн Z удаа хуралдаж, Х хууль, У тогтоол баталсан гээд л баахан тоо ярих биз. Үүндээ их бахархалтай хандахыг нь яаана. Харамсалтай нь тэд эдгээр хууль, тогтоол нь хэр үр дүнтэй байсан, хэр хэрэгжсэн талаар бараг л дурсахгүй. Өөрөөр хэлбэл баахан процесс ярихаас бус үр дүн огт яридаггүй гэсэн үг л дээ. Ийм үзэгдэл бараг бүх төрийн байгууллагуудад бий. Тайландаа хэдэн семинар зохиосон, хэдэн айлчлал хийсэн гээд л баахан процесс жагсаана. Гэтэл тэр олон семинар, уулзалтыг зохион байгуулах, айлчлал хийх нь үнэхээр хэрэгтэй байсан юм уу, ямар үр дүн гарсан юм, дахиад хийх хэрэгтэй юм уу зэрэг талаар ганц ч өгүүлбэр байхгүй. Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээг мөн л ийм маягаар дүгнэнэ. Тухайн төрийн албан хаагчийн хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт урт байх тусмаа л ажлаа сайн хийсэн болж харагдана. Жишээлэхэд төрийн аль нэг байгууллагын гадаад харилцааны ажилтан хэрэггүй ч байсан сайдыгаа, даргыгаа олон удаа гадаадад айлчлуулсан бол тэр хүн ажлаа сайн хийсэн болж үнэлэгдэнэ. Утсаар яриад шийдчихэж болох байсан ч даргыгаа айлчлуулна, мөнгө, хөрөнгө зарлагдана. Ядуу улсынхаа төсвийг хэмнэх гээд хэрэггүй айлчлалуудыг нь хасаад орчин үеийн мэдээллийн технологи ашиглаад шийдчихвэл, цөөхөн айлчлал зохион байгуулсан болж, үр дүнгийн гэрээгээ муугаар дүгнүүлнэ. Товчхондоо бол төрийн байгууллагууд үр дүнгийн гэрээ  гэдэг нэртэй процессын гэрээ л байгуулаад байгаа юм.

Тэгэхээр парламент маань хууль тогтоох үүргээ хэр биелүүлсэнийг дүгнэхдээ хэдэн өдөр ажилласан, хэдэн хууль, тогтоол баталсаныг нь биш хэр сайн, хэрэгжих боломжтой, үр дүн авчирсан хууль баталсаныг нь голлон үзэх хэрэгтэй болов уу.

Төлөөллийг бэхжүүлэх

Парламентын өөр нэг үндсэн үүрэг бол төлөөллийн зарчмыг хангаж, Засгийн газар болоод иргэдийг хооронд нь холбож өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл иргэн Таны сонгосон гишүүн таны санал, бодолыг Засгийн газарт уламжилж, хэрэгжүүлэх боломжийг хангаж өгөх үүрэгтэй гэсэн үг. Иймдээ ч Таны сонгосон парламент Засгийн газрын тэргүүлэх чиглэл, мөрийн хөтөлбөр, төсөв зэргийг нь батлах эрхтэй байдаг.

Хэрэв Та төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож чадахгүй, Таны санаа, бодолыг Засгийн газар сонсож, хэрэгжүүлэхгүй байвал парламент ажлаа муу хийж байна гэсэн үг. Төвлөрөлийг сааруулах бодлогын үүднээс Танд, танай орон нутагт юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэдэх хүн бол Та болоод танай нутгийн оршин суугчид. Энэ нь бизнес эрхлэхэд юу саад болоод байгааг УИХ, Засгийн газрыг гишүүдээс илүү бизнес эрхлэгчид мэддэгтэй яг адил юм.

Иймд Таны санаа бодол төрийн үйл ажиллагаанд хэр тусгалаа олж байгаа нь парламент хэр ажиллаж байгааг дүгнэх нэг хэмжүүр гарцаагүй мөн.

Хяналт, шалгалт явуулах

Парламентын хяналт, шалгалтын үүрэг сүүлийн үед улам бүр өссөөр байна. Энэ нь Засгийн газрыг илүү хяналттай, хариуцлагтай ажиллуулахтай холбогдоно. Гэхдээ зөв арга барилаар хянах, шалгах ёстой гэдгийг хэлэх нь илүүц биз. Процессыг хэт тахин шүтэх аваас хэрэгтэй, хэрэггүй, биелэгдэх боломжгүй дүрэм, журмын тоо хэтэрч хүнд суртал, авилгал газар авдагийг бид олон жишээнээс мэднэ. Өөрөөр хэлбэл ажлын үр дүнг зөвөөр үнэлэх хэрэгтэй гэсэн үг юм.

Хяналт, шалгалтын олон арга байж болох. Жишээлбэл , Английн Ерөнхий сайд долоо хоног бүр, Засгийн газрын гишүүн, сайд нар сар бүр парламентын өмнө ажилаа тайлагнадаг бөгөөд үүнийг нь асуулгын цаг хэмээн нэрлэдэг. Герман, Финланд зэрэг улсуудад Ерөнхий сайд, сайд нар парламентын өмнө ажлаа амаар тайлагнасны дараагаар тэднийг ажлаа хэр хийснийг нь парламентын гишүүд санал хураан шийддэг байна. АНУ-д бол байнгын хороод нь хяналт, шалгалтын ажиллагаанд идэвхитэй оролцдог. Эдгээр тогтмол үйл ажиллагаанаас гадна парламентын гишүүн бүр хяналт, шалгалтын эрхээ байнга хэрэгжүүлж байх үүрэгтэй. Иймдээ ч тэдэнд гүйцэтгэх засаглалын аль байгууллагаас мэдээ, мэдээлэл  гаргуулан авах эрх олгосон байдаг.

Товхондоо, Засгийн газар хариуцлагагүй, үр дүнгүй ажиллаж, хүн, амьтан үхэж үрэгдээд, байгаль орчин бохирдоод байвал парламент ажлаа муу хийж байна гэсэн үг юм. Парламент нь Засгийн газартайгаа хариуцлага тооцох эрхтэй бол парламенттай хариуцлага тооцох эрх Таны гарт бий.

Хойч халаагаа бэлдэх

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийн адилаар УИХ-ын гишүүн гэдэг мөнх биш. Иймд улс орныг ирээдүйд авч явах чадварлаг хойч үеийн улс төрчдийг бэлдэх үүргийг парламент хүлээдэг. Энэ үүрэг нь улс төрийн тогтолцооноос үүдэлтэй.  Намд гишүүн элсүүлж байгаа нь зөвхөн дэмжигчдийн тоог нэмж байгаа хэрэг бус гишүүдийнхээ дотроос мэдлэг, боловсрол, чадвараараа шалгарсан хэсгийг нь төр барих ажилд сургаж, дадлагажуулж, иргэдийн итгэлийг хүлээх хэмжээнд хүргэх гэж оролдож байгаа хэрэг юм. Гэхдээ хойч үеээ бэлдэх нэрээр янз бүрийн байгууллага байгуулж, гишүүдийг нь улс төрийн зорилгоор ашиглаж, мэдлэг, боловсрол, чадвараар нь биш хэн нэгнийг хэр аялдан дагалдсанаар нь улс төрийн албан тушаалд дэвшүүлж байвал улс орныг авч явах хойч халаагаа биш ухаан хомс утсан хүүхэлдэй бэлдэж байгаа хэрэг юм.

Шинээр төрөн гарч ирж байгаа улс төрчид Таны итгэлийг дааж чадахгүй, парламентаас томилогддог албан тушаалтнууд Танд үйлчилж чадахгүй байвал парламент ажлаа муу л хийж байна гэсэн үг.

Дээрхийг дүгнэн хэлэхэд парламент, парламентын гишүүдээс бусад бүх байгууллага, албан хаагчид нэг буюу түүнээс олон даргатай, тэднээрээ ажлаа үнэлүүлж, хариуцлага хүлээдэг. Парламент, парламентын гишүүний ажлын дөрвөн жилд ганц удаа л иргэн Та үнэлж, хариуцлага тооцох эрхтэй (одоогийн хуулиар шүү дээ). Иймд энэ ховор эрхээ эдлэж парламентын ажлыг дүгнэж, хариуцлага тооцохдоо дээр дурьдсан дөрвөн үүргийг хэрхэн биелүүлж байгааг ямар ч гэсэн харгалзан үзэхийг хүсье.


Сэтгэгдэлүүд:

1. Sugi2005 | 2008-02-01 17:17:44
Маш сонирхолтой байлаа. Баярлалаа.
Гэхдээ таны бодлоор 4 жил харж суугаад л, ганц удаа шүүмжилж хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг гэж үү?
Мөн хууль хэр чанартай батлагдсаныг энгийн иргэн би дутуу үнэлж мэдэхээр юм байна даа.
2. Болжмор | 2008-02-03 11:26:53
Сонгогчид маань сонгуулийн талаар ерөнхий ойлголт муу.Юу хийсэн,юу хийж чадахаар байна гэдэгийг нь харахаас урьд хэр олны танил байна,сонгуулийн сурталчилгаагаа хэн нь хүний сэтгэхүйд нөлөөлж чадахуйц хийснээр нь ихэвчилэн сонголтоо хийгээд байх шиг санагддаг юм. Гадаадад байгаа иргэдийг сонгуульд хамруулахгүй гэж сонсогдсон. Тэгвэл сонгуулийн насны нилээн хувь нь гадаадад байдаг. Тэгээд нөгөө сонголтоо хийж байгаа хэсэг нь хөгшчүүл эсвэл хүнээ биш намаа гэсэн нь дийлэнхи олонхи болоод байгаа юм шиг санагддаг.
Гадаадад байгаа иргэдээ сонгуульд яаж хамруулах талаар боломж байвал бичиж өгөөч. Баярлалаа хэхэ нэг мэдсэн аймаар урт сэтгэгдэл болчихсон байна ш дээ.
3. snake_c99 (зочин) | 2008-02-03 13:27:36
Boljmortoi sanal neg bn. Tegeed ch ner devshij bgaa hed ni ulig bolson nuguu hed... uur songol songolt hiih bolomj bhgui, medleg medeelel taaruu bn shuu. mun odoonoos mungu guril ugnu gesend ni sanalaa ugnu gsn zuil duuldaad l bn...
4. Reformist (зочин) | 2008-02-05 10:27:16
Sanalaa bichsen Ta nart bayarlalaa. Oiriin hugatsaand Boljmor-iin sanal bolgosonii daguu gadaadad baigaa ingediig songuulid herhen oroltsuulah talaar tovch zuil bichij tavinaa. Neeree gadaadad baigaa irgedee songuulid oroltsuulahgui baina gedeg tun muu hereg shuu te.
5. tseegii (зочин) | 2008-02-05 12:11:13
bayarlalaa.
6. tseegii (зочин) | 2008-02-05 12:11:14
bayarlalaa.
7. Болжмор | 2008-02-05 13:28:18
баярлалаа. тэгэлгүй яахав дээ. тэгээд мэдээллийн зуунд амьдарч байна гэж яриад байгаан шүү
8. ganbaatar (зочин) | 2008-02-05 13:32:30
ih sain bna
9. AD | 2008-02-07 11:35:17
Hi, sain bna uu.
Oird blog ertuntsuur ailchilsangui udlaa. Saya neg brand zah zeeld gargah tusul duusaad uildverleld shiljuuleed sanaa amarch bna.

Tiim ee tanii sanaltai agaar neg bna. Gehdee bid, irged uuriin hyanalt bolon hariutslaga tootsoh uildlee uhamsarladaggui muu taltai.
Songuuli bolohoor hunee tanidaggui, tanisan ch buruu songodog, buruu soongoj bgaagaa medsen chi mungu uguhuur ni, manai hamiin hun dee geh meteer sanalaa ugdug ni turiig hyamrald oruulah anhnii alham shuu dee.
10. bayasal (зочин) | 2008-04-13 22:59:25
niitleltei sanal neg baina.gishuud unexeer muu ajilaj bn.ireh songuuliar tedniig erguulen tatdag bolmoor bn.uneheer uls turiin sudarga togtoltsoond irgediin oroltsoo,TBB-iin oroltsoo yanalt heregtei bn.Uls maani xichneen irgentei bilee tednii amidralaar l tur her ajillaj bn gedeg ni haragdaj bn. Tiimees uls undesten, ard irgediinhee ashig sonirhol, hugjil devshliin tuluu temtseh zurh setgeltei tiim l parliament bidend odoo l xeregtei bn.Turiin tomchuud maani gadaadiin olon ulsaar ajil bolon amini ailchlal xiigeed l bdag hugjil devshliig haraad l bdag harin uuriin ulsuu uruvddug bolov uu, bas uursuduusuu ted ichdeg bolov uu?????
11. narxan | 2008-05-08 15:26:58
УИХ-ын олонх буюу эрх барьж буй нам сонгууль дөхөхөөр тэнгэрт халигсадыг хүртэл газарт буулгаж сонгууль өгүүлдэг, аягүй бол гадаадад байгаа иргэд ч бас энэ маягаар сонгууль "өгдөг", тиймдээ ч баригдахгүйн тулд сонгуулийн хуулинд гадаадад байгаа иргэдийг санал өгүүлэхгүйгээр заасан байх

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.