УИХ-ын гишүүд нэр хүндээ алдсаар л ...


УИХ, УИХ-ын гишүүн зэрэг үгс иргэдийн дунд нэр хүндээ алдаад байгаа юм шиг санагдах юм. Үүнд олон шалтгаан болоод шалтаг байж болох. Энэ удаад маш тодорхой харагдаж байгаа хэдэн зүйлийг бичье.

1. Улс төрийн нам хэт хатуу удирдлаган дор ажиллаж байна.

Намын эв нэгдэл, тогтвортой байдал нэрийн дор намаас нэр дэвшин ард түмнээс сонгогдсон гишүүдийн иргэдийг төлөөлөх, өөрийн итгэл үнэмшилээр ажиллах явдлыг боомилж байна. МАХН-ын хувьд энэ байдал илт харагддаг. Намын бүлэг дээр хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрсэн гэх үгээр халхавч хийн ард түмний элчийн бүрэн эрхэд халдах явдал бараг асуудал хэлэлцэх болгонд ажиглагддаг гэж хэлж болно. АН-ын хувьд намын УИХ дахь бүлэг, намын удирдлага аливаа асуудал дээр санал зөрөлдөх зэрэг асуудал гаргадаг нь эв нэгдэлгүй байгаа мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ УИХ-ын гишүүд ард түмнээс өөрт нь олгосон эрхийг намын удирдлагаас хараат бус байдлаар эдлэх гэж оролдож байгаа ардчилсан үзэгдэл юм.

УИХ-ын гишүүн гэдэг бол намаас нэр дэвшдэг боловч бүх нийтийн сонгуулиар сонгогддог ард түмний элч гэсэн үг. Монгол Улс төлөөллийн “delegate” онолд суурилсан мажоритари системээр сонгууль явуулдаг. Энэ системийн нэг давуу тал нь парламентийн гишүүдийг намаас илүүтэйгээр ард түмний мэдэлд байх боломж олгодог явдал юм. Гэтэл ард түмний элчийг намын хатуу удирдлаган дор барьж, сонгуульд нэр дэвших, албан тушаалд томилогдох асуудлыг намд хэр үнэнч, удирдагын бодлогыг хэр аялдан дагалдсан зэргээс шалтгаалан шийдвэрлэж байгаа нь УИХ-ын гишүүдийг аргагүйн эрхэнд намын шийдвэрт захирагдахад хүргэж байна.

Түүнчлэн намын дарга нь Ерөнхий сайд болдог, намын гол лидерүүд Засгийн газрын гишүүд болдог байдал нь намын хатуу чанга удирдлагатай нэгдэн парламент засгийн газрын үйл ажиллагааг хянан хэлэлцэх асуудлыг сулруулахын зэрэгцээ УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын гишүүн гэсэн албан тушаалтныг хавсран гүйцэтгэж байгаа намын лидерүүдэд  хууль тогтоох болоод гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэн захирах бололцоо олгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл хэт хатуу намын удирдлага нь УИХ-ыг асуудлыг нээлттэй, мэтгэлцээний журмаар шийдвэрлэдэг бус намын шийдвэрийг албан ёсны болгон баталдаг газар болгон хувиргажээ.

2. Засгийн газар өөрт хүртээлгүй ажилд их оролцож байна.

1980-аад оноос төрийн захиргааны онолд эргэлт гарсантай холбоотойгоор төрийн байгууллагуудын үндсэн үүрэг, зорилго, үйл ажиллагааны зарчимд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Энэ нь төрийн албаны шинэтгэл нэрийн дор өрнөж байна. Монгол улс төрийн албаны шинэтгэлийг эхлүүлэн, хэрэгжүүлж байгаа хэмээн ярьж бичиж байгаа боловч энэ асуудлыг хувьчлал, бүтцийн өөрчлөлт зэрэгхэнээр хязгаарлаж байна. Засгийн газар өнөөг хүртэл өөрт хүртээлгүй асуудалд орооцолдон бодлого боловсруулахаас илүүтэйгээр хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, нийгмийн халамж, эдийн засгийн менежмент зэрэг асуудалд хэт их оролцож байгаа нь Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалын хариуцах асуудал, эрх мэдлийг хэт өргөжүүлж байна. Засгийн газрын хариуцах асуудал өргөжихийн хэрээр бодлогын уялдаа холбоо нарийсч, илүү төвөгтөй болохын зэрэгцээ мэргэжлийн мэдлэг шаардсан болж хувирдаг.

Намын хүний нөөцийн бодлого алдагдсан, санал худалдаж авах, намд хандив өгөн нэр дэвших эрх олж авах зэрэг үзэгдэл түгээмэл байгаагийн улмаас УИХ-д мэдлэг, туршлага, боловсролын хувьд тааруу хүмүүс сонгогдож байгаа нь хэн бүхэнд ил байна. Эдгээр хүмүүс мэргэжлийн мэдлэг шаардсан бодлогын учрыг тунгаан, мэргэшсэн төрийн албан хаагчдын хийсэн алдаа, булхайг олж илрүүлэхэд хүчин мөхөсдөж байна.

Үүнийг нь далимдуулан засгийн газрын зүгээс өөрт ашигтай хууль, тогтоол гаргуулах, эрх мэдлээ нэмэгдүүлэх зэрэг үйлдлийг УИХ-ын “түүхий” гишүүдээр гүйцэтгүүлэн, хариуцах асуудлынхаа хүрээг улам бүр нэмэгдүүлж, УИХ-ын өмнө ажлаа тайлагнан, хариуцлага хүлээдэг бус УИХ-ыг өөрийн зорилгодоо ашигладаг байгууллага маягтай болгожээ.

Иймд УИХ Засгийн газрын оролцох, эс оролцох асуудлыг нягт судлан үзэж, төрийн шинэ менежментэд тулгуурласан засгийн газрыг байгуулах аваас гүйцэтгэх засаглалын ажлыг хянах, удирдан чиглүүлэх ажилдаа амжилт гаргаж, алдсан нэр хүндээ сэргээх нь дамжиггүй ээ.

Дээрх хоёр асуудал бол цэвэр улс төрийн нам, хууль тогтоох засаглалын төлөвшилтэй холбогдох агаад засч, залруулж болох асуудал. Дор дурьдах асуудал нь улс төрийн нам, УИХ-ын гишүүдийн хүсэл, зоригоос үл хамааран өрнөж байгаа юм.
 

3. Ашиг сонирхлын бүлэг болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн хүчирхэгжилт

Уул уурхайн ассоцаци, худалдаа аж үйлдвэрийн танхим, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо зэрэг ашиг сонирхлын бүлгүүд олноор байгуулагдан, идэвхитэй ажиллах болсон нь УИХ-ын үйл ажиллагаанд доорх байдлаар нөлөөлж байна. Үүнд:

• Иргэд УИХ, түүний гишүүдээс өөр өөрсдийг нь төлөөлөх байгууллага, бүтэц байж болох юм гэдгийг ойлгосон тул эдгээр ашиг сонирхлын бүлгүүдэд таатай хандах болсон. Ашиг сонирхлын бүлгүүд нь нэг салбар эсвэл нэг асуудлыг голлон ажилладаг тул ихэнхи тохиолдол УИХ, түүний гишүүдээс илүүтэйгээр бодит байдлыг ойлгож, илүү мэдээлэлтэй байж, иргэдийн хүсэл зоргийг илэрхийлж чадаж байна.

• Нэгэнт иргэдийн итгэлийг олсон, илүү бодит, дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаатай ашиг сонирхлын бүлгүүд бодлого санаачлах, боловсруулах ажилд идэвхийлэн оролцож байгаагийн улмаас УИХ-аас санаачлан, боловсруулсан бодлого шүүмжлэлд өртөх нь түгээмэл болж байна. Энэ нь тун эрүүл үзэгдэл бөгөөд үйл ажиллагаа нь цаашид улам өргөжих нь иргэд бидэнд хэрэгтэй юм. 

Зурагт, сонин, интернэт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээлэл түгээх, олж авах, маргалдах, мэтгэлцэх боломжийг нэмэгдүүлсэн тул иргэд заавал УИХ-ын гишүүдээр дамжуулан шууд бусаар бодлого санаачлах, боловсруулах ажиллагаанд оролцохоос илүүтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бодлого санаачлах, боловсруулах ажиллагаанд шууд оролцох боломжтой болжээ. Энэ нь дээрхийн адил эрүүл бөгөөд ардчилсан үзэгдэл юм. Иргэдийн хувьд тойргийнхоо гишүүнтэй уулзан аливаа бодлогын талаар санал, бодлоо илэрхийлэхээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан нь амарын дээр нийтэд хүртээмжтэй юм. Ярилцлага өгөх, хэвлэн нийтлэх, блог хөтлөх зэрэг нь үүний тод жишээ болно.


Сэтгэгдэлүүд:

1. Tji (зочин) | 2008-01-25 13:10:27
Сайна уу. Төрийн албанын шинэчлэл болон улс төр сонирхон судалдаг хүмүүс хаяа уулзаж өөр хоорондоо санаа бодлоо солилцож байя гэсэн санал гаргаад байгаа. Сонирхуул холбоо бариарай. temuujin@lawyer.com
2. AD | 2008-01-26 19:04:00
Өнөөгийн улс төрчидийн улс төрд орох зорилго нь баялагаас хялбар аргаар хутслах гэсэн хэт явцуу сонирхолд тулгуурлагддаг. Тиймээс тэдэнд сонгогчдыг төлөөлөх хүсэл сонирхол үгүй.
Таны илэрхийлэхийг оролдсон дээрх 3 санаан дээр саналаа илэрхийлье.
1. Өнөөдрийн манай намууд нь ард түмний төлөөлөл болж чадах ёс суртахууны болон чадавхийн боломжгүй гэж би үздэг. Учир нь тэд өөрсдөө жирийн олон нийт, ард түмнээс хол амьдарч байна. Намын жирийн гэх гишүүдээрээ л дамжуулан тэдний хүчийг сорон, хоосон хөөргөж, сонгууль дөхөхөөр гарт нь атгуулдаг хэдэн төгрөгөөр л үндсэн харилцааны гүүрээ босгож байна. Тиймээс ч өнөөдрийн УИХ-ын гишүүд бол ард түмний буюу иргэд, олон нийтийн төлөөлөл бус НАМ-ын төлөөлөл. Тэд сонгуульд ялалт байгуулахын тулд байдаг арга хэрэглэсэн болохоос бус олон нийтийг төлөөлөх ямар ч үүрэг, ямар хариуцлага үүрээгүй. Олон нийт ч гэсэн үүрүүлж чадаагүй. Ийм л учраас тэд намын бүлэг, зөвлөл гэх нэрийн доор хазгай гишгиж, буруу хэлэхгүйг хичээж явдаг улс. Төрийн эрх барьж байгаа нам нь олон нийтийн сэтгэлийг тайвруулахын тулд нийгмийн халамжийн асуудалд гар сунгаж, харин сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хэсэг нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэгч болж, асуудлыг хурцатган дэвэргэхэс цаашгүй байна. Энд тодотгоход УИХ-ын гишүүдийн ард түмнийг төлөөлөх үгийг нам хаагаад байгаа бус угаасаа төлөөлөх үг байхгүй болохоор тэр. Тийм бодол ч байхгүй. Намын болон нам доторх фракцуудын гэх сонирхолын, бизнесийн бүлэглэлүүдийн л эрх ашиг гэж тэдэнд байдаг. Тэд өөр намтай үзэлцэхээс гадна дотроо ч гэсэн байр сууриа алдахгүй тулд тэмцэж байдаг. Намуудыг эдгээр бүлэглэлүүдийн ахлагчид гэх 10 хүрэхгүй хүн л удирддаг юм.
2. Энэ асуудлаар би таньтай санал нэг байна. Намын хүний нөөцийн бодлого алдагдсанаар намаас томилолт авч төрийн албанд очигсод, тэдний чадваргүй байдал, явцуу сонирхол нь төрийг хяралд хүргэж байна.
- Нөгөө талаар төрийн залгамж холбоо бүхий ажлын уялдаа алдагдаж, жилдээ хэд солигдох сайд нар, тэднийг дагалдан халагдаж, солигдох удирдлагын чухал албан тушаалуудын үүрэг роль унаж, төрийн ажилд ахиц гарахгүй байна. Шинэ ирсэн сайд нь өмнөхөө үгүйсгэх, шинээр өөрт таалагдсанаа эхлүүлэх, төрийн албаны талаар болон салбарын мэдлэггүй жүжигчдийн ээлж дараалсан шоуны үр дүнд төрийн ажил бол циркын тоглолтын ээлжит манеж луугаа адил болсоор...
3. Иргэний нийгмийг байгуулна гэж ярьсаар удаж байна. Энд хамгийн их үүрэгтэй оролцох институци нь олон нийтийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан иргэний нийгмийн байгууллагууд байх болно. Тодорхой чиглэлээр зорилго тавин ажиллаж буй байгууллагууд байгаа ч, улс төрийн нам, бүлэглэлүүдийн тоглоомын байгууллагууд ч байсаар байна. Тэдэнд хөндөлөнгийн, олон нийтийн төлөөлөл болж, хэн нэгнийг буруутгах гэсэн зорилго байхаас, асуудлыг шийдвэрлэх ухаан, ашигтай шийдлийн гарц гэж үгүй.
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг үнэн бодитой дамжуулах. Таны хэлдгээр ТВ-үүд иргэд, олон нийтийн санаа бодлыг дамжуулах үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар бараг бүх ТВ-үүд нь улс төрчдийн гарт атгаатай байна. Энэ нь тэдний хэрэгтэй цагтаа ашиглах бэлтгэл хүч гэсэн үг. Үүнийг сонгуулиар харахад л андашгүй. Өдөр тутмын болон чөлөөт сонинууд ч ялгаагүй. сонинуудын хувьд мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдсан гэхэд болно. Өдрийн сонин Ц.Элбэгдоржийг хэт магтан, Н.Энхбаярыг гутаах хэмжээний нийтлэлийн бодлого баримталдаг аятай бол Зууны мэдээ эсрэгээрээ Н.Энхбаярыг дэмжиж, түүнийг сурталчилдаг. Иймээс ирэгний дуу хоолойг дамжуулах, санаа бодлыг нь илэрхийлэх чадамжгүй бөгөөд харин улс төрийн хүчин, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор PR-ийн үүрэг гүйцэтгэж, түүндээ олон нийтийн санаа бодлыг л ашиглахаас цаашгүй.
3. Reformist (зочин) | 2008-01-29 13:32:44
Sain baina uu Temuujin,

Bayarlalaa. Saihan uulzaltuud boloh baih. E-mail hayagaar chini mail yavuulchihlaa.
4. snake_c99 (зочин) | 2008-01-31 11:06:56
Tand ene udriin mendiig hurgie. Tanii bichleguudiig bugdiin unshsan. Saya l anh udaa setgegdlee bichij bn. Mash ih taalagdsan. Mun uls turch, turiin alban haagch yamar bh yostoi talaar tanii bodliig sonsmoor bna. Tand amjilt husie. Bayarlalaa...
5. жанаргүл (зочин) | 2008-12-09 15:54:33
маш их сайхан байсан

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.