Хоёр танхимтай парламент Монголд хэрэгтэй юу?


Сүүлийн үед хууль тогтоох засаглалыг хоёр танхимтай болгох талаар мэр сэр яригдах болж. Зарим хэсэг нь зөв, зарим хэсэг нь буруу хэмээн мэтгэлцэж байгаа боловч иргэд бидэнд энэ талаар тодорхой, бодитой мэдээлэл байхгүй байгаа учраас энэ талаар ярьж байгаа хүмүүсийг сонсохоос хэтрэхгүй байна. Иймд энэ талаар товчхон бичмээр санагдлаа.

Югославь нэгэн удаа хууль тогтоох засаглалаа таван танхимтай болгож, Өмнөд Африк 1984-1994 онд гурван танхимтай болгож туршилт хийж байсныг эс тооцвол дэлхийн улс гүрнүүдийн хууль тогтоох засаглал нь нэг юм уу хоёр танхимтай байдаг билээ. Африкийн ихэнхи орнууд, БНХАУ зэрэг улс төрийн хувьд коммунист улсууд, түүнчлэн ихэнхи пост-коммунист улсуудын хууль тогтоох засаглал нь гол төлөв нэг танхимтай байна. Мэдээжийн хэрэг капиталист, ардчилсан эсвэл барууны хэмээгдэгч улсуудын хууль тогтоох засаглал нэг танхимтай байх тохиолдол байлгүй яахав.

Дэлхийн 2 дугаар дайны дараагаар парламент нь нэг танхимтай улсуудын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн нь нэг танхимтай хууль тогтоох засаглал нь хоёр танхимтай хууль тогтоох засаглалаас илүү үр дүнтэй бөгөөд хурдан ажиллагаатай байдаг гэсэн дүгнэлтээс үүдэлтэй. 1948 онд Израйль нэг танхимтай хууль тогтоох засаглалтай болсон бол Шинэ Зеланд 1950, Дани 1954, Швед 1970 онд хоёр танхимтай хэлбэрээс нэг танхимтай хэлбэр лүү шилжсэн байна.

Одоогийн байдлаар дэлхийн нийт улсуудын яг тал нь хоёр танхимтай хууль тогтоох засаглалтай бөгөөд энэ тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Холбооны улсууд бүгд буюу дэлхийн 16 холбооны улс бүгд хоёр танхимтай парламенттай бөгөөд эдгээрийн 14-ийн аль нэг танхим нь холбооны улсынхаа бүс нутгийг төлөөлдөг байна.

Хоёр танхимтай улсуудын хувьд доод танхимаа өөр өөр янзаар бүрдүүлдэг бөгөөд эрх мэдлийн хүрээ нь ч тухайн улсынхаа онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг байна. Герман, Австри, Энэтхэг зэрэг улсууд доод танхимынхаа төлөөлөгчдийг шууд бусаар сонгодог бол Ирланд, Бельги, Малайз зэрэг улсууд талыг нь шууд сонгуулиар талыг нь томилох журмаар сонгодог байна.  Италийн дээд танхим буюу Сенат, доод танхим буюу төлөөлөгчдийн танхим хоёул шууд сонгуулиар сонгогддог бөгөөд эрх мэдлийн хувьд яг ижил. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд нь хоёр танхимын хоёулангынх нь өмнө хариуцлага хүлээдэг байна.  Үүнтэй адилаар хоёр танхимтай ихэнхи улсуудын дээд, доод танхим эрх мэдлийн хувьд адил байх ба дээд танхим нь илүү эрх мэдэлтэй байх тохиолдол маш цөөхөн байдаг. Үүний нэг жишээ нь АНУ юм. Татвартай холбоотой бүх төрлийн хуулийг төлөөлөгчдийн танхимд танилцуулдаг боловч зөвхөн Сенат л батлах эрхийг эдэлдэг.

Адил эрх мэдэлтэй хоёр танхим аливаа асуудлаар санал зөрөлдсөн тохиолдолд парламентын үйл ажиллагаа гацаанд ордог нь хоёр танхимтай парламентын муу тал нь юм. Энэ асуудлыг гол төлөв хамтарсан хороо байгуулж шийддэг байна. АНУ-д Сенат, Төлөөлөгчдийн танхимаас, ХБНГУ-д Бүндестаг, Бүндестатаас адил тооны гишүүд томилогдон хамтарсан хороо байгуулж санал зөрөлдсөн асуудлыг шийдвэрлэдэг механизм ажиллаж байна.

Хоёр танхимтай парламентын эерэг болон сөрөг талыг дараахь байдлаар дурьдаж болох байх.

Давуу тал:

• Хоёр танхим харилцан бие биенээ хянах тул парламентын үйл ажиллагаа илүү шудрага, зохистой болно,

• Парламентын зүгээс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах боломж нэмэгдэнэ,

• Төлөөллийн ардчилалыг бэхжүүлж, илүү олон иргэдийн үзэл, бодол, санал эрх баригчдад хүрэх, төр, засгийн газрын бодлогод биелэлээ олох бололцоотой болно,

• Хууль, тогтоол илүү чанартай, хэрэгжих үндэслэлтэй, олон нийтийн санаа бодлыг тусгасан байдлаар батлагдах болно.

Сөрөг тал:

• Хууль, тогтоол батлах ажиллагаа урт хугацаа шаардах болно,

• Хоёр танхим зөрчилдсөн тохиолдолд, зөвшилцөлд хүрэхэд бэрхшээл тохиолдох магадлалтай,

• Хоёр танхим зөрчилдсөн тохиолдолд хамтарсан хороо байгуулагдаж эцсийн шийдвэрийг гаргадаг тул эцсийн шийдвэрийг парламентын бүх гишүүд бус хамтарсан хорооны цөөн хэдэн гишүүд гаргах боломжтой болдог.

Монгол Улсын хувьд:

УИХ-ын гишүүдэд итгэх ард түмний итгэл суларсан, УИХ эрх мэдлээ хэтрүүлж байгаа талаар ихээхэн шүүмжлэл гарах болсон тул бие биеэ хянах бололцоотой хоёр танхимтай парламент тохиромжтой мэт.

Монгол Улс шилжилтийн үеийн нэлээд хугацааг туулсан, хууль, тогтоомж шилжилтийн үетэй адил байнга өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлаггүй гэж үзвэл хоёр танхимтай парламентын муу талын нэг болох  хууль, тогтоол батлах ажиллагаа урт хугацаа шаарддаг гэсэн шүүмжлэлээс зайлсхийх боломжтой болно. Түүнчлэн аливаа хууль тогтоол батлагдахдаа хоёр танхим дамжих тул хууль, тогтоол чанаржихын дээр лобби болоод ашиг сонирхолын бүлгүүд парламентад ямар нэгэн байдлаар нөлөөлөхөд хэцүү болох юм.

Одоогийн хуулиар УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байж болдог тул ихэнхи намын гол төлөөлөгчид Засгийн газарт багтан улмаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал эрлийзжиж байна гэсэн шүүмжлэлд их өртөх болсон. Энэ нь УИХ-ын гишүүд өөрийн намын лидерүүдээс бүрдсэн Засгийн газрын боловсруулсан бодлогыг бодитоор болоод шударгаар хэлэлцэх бус намын нэр барин, бүлэг нэгдсэн шийдвэрт хүрсэн гэсэн үгээр халхавч хийн, иргэдийн төлөөлөгчдийн иргэдийг төлөөлөх эрхэнд халдаж байгаа байдлаар түгээмэл илэрч байна. Хоёр танхимтай парламентын доод танхимаас Засгийн газрын гишүүд гол төлөв тодордог тул хууль тогтоох, гүйцэтгэх засаглал эрлийзсэн доод танхимаас боловсруулсан бодлогыг эрлийзжээгүй дээд танхим нь ямар нэгэн нөлөөнд авталгүй хянан хэлэлцэх боломжтой болно.

Парламетын гишүүдийн тоо нэмэгдэж, төсвийн зардал өснө гэсэн шүүмжлэл байж болох авч нэгийг зараад хоёрын ашиг олж болохыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл төсвийн зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэх боловч хяналттай парламент болоод засгийн газар, зөв бодлого, чанартай хууль, тогтоол улам ихийг хэмнэх бололцоотой гэсэн үг.

Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж байгаа нь 2002 онд батлагдсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, саяхан батлагдсан багын хөгжлийг дэмжих хөтөлбөр зэргээр харагдаж байна. Хоёр танхимтай парламентын доод танхимын гишүүдийг орон нутгийг төлөөлүүлэн сонгоно гэж үзвэл энэ нь төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.

Иймд энэ асуудлыг сайтар судлан үзэж, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхэд болохгүй гэх газаргүй мэт санагдана.

Сэтгэгдэлүүд:

1. mami | 2008-01-15 07:32:02
уучлаарай. зар нааж явна. хэхэ

энд хүнүүс зар байрлуулжийна гэж дуулаад гүйгээд ирлээ хө..

Миний Монголын салхи хүний нутагт салхилах нь үгүй
Миний Монголын морьд хүний нутагт давхих нь үгүй
Миний Монголын зэрэглээ хүний нутагт дуниартах нь үгүй
Миний Монголын юм бүхэн хүний нутагт байх нь үгүй
Хүмүүн бидэнд эрдэнэ гэж байдаг бол
Хөхрөн униартах уулст МОНГОЛ эх орон гэж хэлье
Хүмүүн бидэнд эрхэмлэж явах зүйл гэж байдаг бол
Хөх толбот морьтон заяат МОНГОЛ угсаатан гэж хэлье...

хэхэ заза жооол рииклааам хийлэээ хэхэ

МонголОмогшил гээд байгаа... алив дараад ордоо.. хэхэ
Үндэсэрхэг Үзэл бидэнд хэрэгтэй юу?..... л гэж явна

www.energie2.bblog.mn
2. Б.содо (зочин) | 2009-04-11 21:54:00
sain bn a a hu u

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.