Сүүлийн үед сонгуулийн системийг өөрчлөх эсэх талаар их ч маргалдах болж, олон ч улс төрчид санал бодлоо илэрхийлэх болж. Даанч энэ их маргаан, мэтгэлцээн дунд эх орныхоо хөгжил, дэвшил, сонгогчдын эрх ашиг, үзэл бодлыг тусгасан зүйл огт алга. Харин аль нэг нам, түүний дараагийн сонгуульд ялах боломжийг эрэлхийлсэн, мэтгэлцээн гэхэд хэцүү, арга ядсан, өрөвдөлтэй яриа зонхилж байна. Улс төрийн намын зорилго засгийн эрх авах гэдэг нь ойлгомжтой хэдий ч засгийн эрх авч яах гэж байгаагаа мартчихсан бололтой. Эсвэл буруу ойлгосон бололтой.
Сонгуулийн системийг өөрчлөх эсэх нь улс төрийн намаас илүүтэйгээр иргэн бидэнд хамаатай учраас үүнийг бичлээ.
Сонгууль яах гэж хийдэг юм бэ?
• Улс төрчдийг сонгон шалгаруулах: Ардчилалын үүднээс авч үзвэл сонгууль нь улс төрчдийг сонгон шалгаруулах явц юм. Нэг ёсондоо иргэд удирдлагадаа ажиллах ажилтанг сонгон, шалгаруулж авч байгаа гэсэн үг. Уг шалгаруулалтад улс төрчид мэдлэг, чадвар түүнчлэн иргэдийн амьдралыг сайжруулах талаар юу хийхээр төлөвлөж байгаа зэргээрээ өрсөлдөх учиртай.
• Засгийн газрыг эмхлэн байгуулах: Сонгон шалгаруулалт (сонгууль)-н үр дүнд Засгийн газар эмхлэн байгуулагддаг. Америк, Франц, Венесуэл зэрэг улсуудад гүйцэтгэх засаглалынхныг сонгуулиар шууд сонгодог бол парламентийн системтэй улсуудад парламентад хамгийн олон суудал авсан намаас нэр дэвшүүлэн сонгодог.
• Иргэдийг төлөөлөх: Иргэдийн хүсэлт, санаа, бодол, шаардлага сонгуулиар дамжин эрх баригчдад хүрдэг. Өөрөөр хэлбэл сонгууль нь иргэд санал, бодлоо илэрхийлэх нэг арга зам юм.
• Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх: Сонгуулийн компанит ажлын явцад иргэдэд тэр болгон олдоод байдаггүй бодит бөгөөд хэрэгцээтэй мэдээлэл (засгийн эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, засгийн газрын үйл ажиллагааны талаархи бодит үнэлгээ, цаашдын хэрэгжүүлэх бодлого гэх мэт) ард, иргэдэд хүрдэг. Улс төрийн намууд ихэнхи тохиолдолд иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд бус тэднийг өөртөө татах сонирхолтой байдаг тул дутуу, дулимаг, худал мэдээлэл цацах нь элбэг байдаг хэдий ч сонгуулийн үеэр иргэд арай илүү мэдээлэл олж авах боломжтой байдаг.
• Засаглах эрхийг хууль ёсны болгох: БНМАУ-д цорын ганц нам байхад яах гэж сонгууль хийдэг байсан юм бэ? Нэг тойрог дээр ганцхан нэр дэвшигч өөртэйгөө өрсөлдөж 100 хувийн саналаар ялах ямар хэрэг байсан юм бол? Үүний учир бол засаглах эрхийг хууль ёсны болгоход оршино. Өөрөөр хэлбэл согуулийн үр дүнд л засаглах эрх бий болно гэсэн үг. Иймдээ ч дарангуйлагч нар ч худлаа, үнэн хамаагүй сонгууль гэж хийдэг.
Дээрхээс харахад сонгууль хэрэгтэй болох нь харагдаж байна. Жосеф Щумпитр нарын зарим нэг хүмүүс “Ардчилал гэдэг нь хүмүүс өөрсдийгөө удирдах хүмүүсийг сонгон шалгаруулах боломж, эрхийг хэлнэ” гэх зэргээр сонгууль, ардчилал хоёрыг холбон тодорхойлсон нь бий.
Сонгуулийн систем.
Сонгуулийн систем гэдэг нь сонгууль зохион байгуулахтай холбоотой дүрэм, журмын нийлбэрийг хэлэх бөгөөд саналын тоог парламентад эзлэх суудлыг тоонд хэрхэн шилжүүлж байгаагаас шалтгаалан сонгуулийн системийг мажоратори, пропорциналь гэж ерөнхийд нь хоёр хуваадаг. Энэ хоёр систем нь гол төлөв тус бүрдээ гурав, гурван төрөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн 2 систем, 6 төрөл өргөн хэрэглэгддэг гэсэн үг.
Сонгуулийн систем, төрөл нь төлөөллийн онолд үндэслэх бөгөөд судлаачдын үзэж байгаагаар төлөөллийн 4 онол байдаг. Сонгуулийн мажоратори систем нь төлөөллийн “delegate model”-д суурилдаг бол пропорциналь систем нь төлөөллийн “mandate model”-д суурилдаг. Өөрөөр хэлбэл бид сонгуулийн системээ солихоор ярилцаж буй нь төлөөллийн нэг онолоос нөгөө онолд шилжиж буй явц юм.
Энэ удаад бидэнд хамаатайгаар нь “delegate” болон “mandate model”-г товч тайлбарлая.
Delegate гэдэг нь үүрэг, даалгавар өгөх гэсэн утгатай үг бөгөөд энэ загварын дагуу сонгогдсон төлөөлөгч өөрийн үзэл, бодлыг бус өөрийг нь сонгосон сонгогчдын үзэл, бодлыг эрхэмлэх ёстой. Өөрөөр хэлбэл худалдааны төлөөлөгч, гадаад улсад суугаа элчин сайдтай адил өөрсдийг нь томилсон улс, албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаварын дагуу ажиллана гэсэн үг. Энэ загварын дагуу сонгууль явуулах нь улс төрчид сонгогчдын өмнө хариуцлага хүлээх явдлыг сайжруулдаг бөгөөд хариуцлагын тогтолцоог бэхжүүлдэг юм.
Сонгуулийн мажоратори систем нь энэ загварт үндэслэсэн байдаг учраас сонгогчид намд бус нэр дэвшигчид санаалаа өгөхийн зэрэгцээ, улс төрчид аль нэг бүс нутаг, аймаг, сумыг төлөөлдөг юм.
Мажоратори системийн Single-member plurality төрлийг Англи (House of Common), АНУ, Канад, Энэтхэг, Second ballot төрлийг Франц, Alternative vote төрлийг Австрали (House of Representatives), Англи (London Mayor) зэрэг улсууд хэрэглэдэг байна.
Mandate гэдэг нь бүрэн эрх олгох гэсэн утгатай үг бөгөөд сонгуулийн пропорциналь систем нь энэ “mandate”-н загварт үндэслэсэн байдаг. Сонгуульд ялсан нам өөрийн мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн бодлогоо хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болно гэсэн үг. Пропорциналь систем нь нэлээд ярвигтайн дээр олон загвар төрөлтэй, саналын тоог парламентад эзлэх суудлын тоонд хуваарилахдаа hare quota-ын Hagenbach-Bischoff quota, Droop quota, Imperiali quota гэсэн 3 төрлийн аль нэгийг нь ашигладаг. Пропорциналь системийг хамгийн хялбараар парламентад эзлэх суудлын хувь нь сонгуульд авсан саналын хувьтай адил байна хэмээн ойлгож болох юм.
Пропорциналь системийн Additional member төрлийг Герман, Орос (State Duma), Шинэ Зеланд, Англи (Scottish Parliament, Welsh Assembly), Single-transferable-vote төрлийг Ирланд, Party list төрлийг Бельги, Луксенбург, Швейцарь зэрэг улсууд түүнчлэн Европын холбооны парламент ашигладаг байна.
Товчхондоо бол сонгуулийн систем, төрлүүдийн аль нэгийгнь бусдаасаа илүү сайн гэж дүгнэх боломжгүй бөгөөд аль ч систем төрөл эерэг болон сөрөг талтай. Өөрөөр хэлбэл Аль сонгуулийн систем нь сайн бэ? гэсэн асуултад бус Аль сонгуулийн систем нь Монгол Улсад тохирох вэ? гэсэн асуултад хариулахыг оролдох хэрэгтэй. Тэрнээс биш зарим нэг улс төрчид, нам, эвслийн ярьж байгаа шиг пропорциналь систем нь мажоратори системээс дээр эсвэл мажоратори систем нь пропорциналь системээс дээр гэсэн юм байхгүй л дээ.
Иймд сонгуулийн систем, төрлийг сонгохдоо олон нийтийн хэлэлцүүлэг явуулж, өөрийн орны түүх, нөхцөл байдал, улс төрийн төлөвшил, иргэдийн улс төрийн боловсрол зэргийг харгалзан сонгох ёстой.
2000 онд Канад Улсад болсон сонгуулийн дараа сонгуулийн системийг өөрчлөх санал ихээр гарах болж, хамгийн шилдэг гэсэн 103 улс төр судлаачийг цуглуулан аль системийг сонгох талаар судалгаа хийлгэжээ. Судалгааны үр дүнд энэ асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд өөрийн улсдаа тохирох сонгуулийн системийг сонгохын тулд дараахь хэдэн асуултын хариуг олох хэрэгтэй хэмээн үзжээ. Үүнд:
• Сонгуулийн аль систем нь тухайн улсад ардчилалыг бэхжүүлж, иргэдийн хүсэл, зоригийг илүүтэйгээр илэрхийлж чадах вэ?
• Аль систем нь улс төрийн тогтвортой байдлыг тогтооход илүү дөхөмтэй вэ?
• Аль системийг хэрэглэсэн тохиолдолд хүмүүс өөрсдийн сонгосон хүмүүст илүү итгэл хүлээлгэх вэ?
• Аль систем нь иргэдэд илүү ойлгомжтой байна вэ?
Монгол Улсад ч мөн адил бүх нийтийн санал асуулга явуулахад болохгүй газаргүй бөгөөд санал асуулгын өмнө иргэдийг сонгуулийн систем, түүний төрлүүдийн талаар тодорхой ойлголттой болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр одоо парламентад суудалдтай намууд хуйвалдааны замаар өөрсдийн ашиг сонирхол, дахин сонгогдох боломжийг эрэлхийлсэн сонгуулийн системийг сонгох, түүнийгээ иргэдэд хүчээр тулгах явдлыг зогсоох юм.
Өнөөгийн Монгол Улсад пропорциналь систем тохирох уу?
1. Пропорциналь системээр явуулсан сонгуулийн үр дүнд нэг нам олонхи болох тохиолдол тун бага байдаг тул ихэнхи тохиолдолд намууд хамтарсан Засгийн газар байгуулах хэрэгтэй болдог. Улс төрийн намуудын төлөвшил төдийлөн сайн биш, хор найруулах, нэг нэгнийхээ Засгийн газрын унагахад гаршсан манайхны хувьд Засгийн газар байгуулагдахгүй удах, олон Засгийн газар солигдох зэрэг асуудал үүсэх магадлал тун өндөр.
2. Эсвэл манайхан шиг сайн хуйвалддаг улсуудад хамтарсан Засгийн газар байгуулах нь хараа, хяналтгүй байх, хүчтэй сөрөг хүчингүй байх зэрэг асуудлууд үүсэх магадлалтай. МАХН, АН хоёр аль аль нь олонхи болж чадаагүй нөхцөлд нэг бол нийлж хуйвалдан, хараа хяналтгүйгээр засгийн эрх барих эсвэл бие биесийнхээ Засгийн газрыг ээлжлэн унагах зэргээр иргэдэд муугаар нөлөөлөх нөхцөл, байдал үүсч мэднэ.
3. Эсвэл аль нэг “том” хэмээн өөрийгөө өхөөрдөгч нам жижиг намуудтай нэгдэн Засгийн газар байгуулж болох боловч энэ маягаар байгуулагдсан Засгийн газар ихэнхи тохиолдолд хэврэг байдгийг олон жишээ харуулсан байдаг. Улмаар хамтарсан Засгийн газартай хариуцлага тооцох тогтолцоо манайд хараахан бүрдээгүй байна.
4. Пропорциналь системээр сонгууль явуулах тохиолдолд намын дарга, удирдах зөвлөл ихээхэн эрхтэй болдог тул улс төрчид иргэдэд бус намдаа илүү зүтгэх, нийгэм, эдийн засаг, улс төрийн гол асуудлуудыг намын хүрээнд шийдэх үзэгдэл түгээмэл болдог. Өөрөөр хэлбэл улс төрчид сонгогдсоныхоо дараа парламентад иргэдийг бус намаа төлөөлөх нь их байдаг.
Пропорциналь системээр сонгууль явуулах нь санал алдагдахгүй байх, олон намын төлөөлөл суудал авах боломжтой зэрэг сайн талтай боловч МУ-ын одоогийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдалд төдийлөн тохиромгүй мэт харагдана.

Сэтгэгдэлүүд:
уралдаан.
Таны ирээдүй маргааш юу хийхээс тань бус харин өнөөдөр юу хийж байгаагаар тань хэмжигдэх тул МОНГОЛ хүн бүр эх орон ирээдүйнхээ төлөө одооноос сэтгэл зүрх, санаа зориг тавьж чадваас сайхан ирээдүй МОНГОЛ эх орныг маань ивээн тэтгэх нь гарцаагүй.
Миний эх оронд ороо бусгаа байдал ноёлж, цаг үе хүнд хэцүү байдалд оршиж байгаа ч урьд өмнө түүхийн хүнд нөхцөлд олон арван эрэлхэг залуучуудыг хурцлан төрүүлж байсан . Тэд бүгд өөлдийн Амарсанаагын зориг нь дүрэлзэн байж " Эх орны тусгаар тогтнолд эр бие энэ нас хайрангүй"гэж хэлсэн шиг амь насаа эгнэгт зориулсан .Үе үейин эх орончид минь тэр хэцүү үеүүдэд бидний ирээдүйг амь насаараа төлсөн .
Иймээс өнөөгийн Монголын ард түмэн бид эх орондоо яажшуухан амьдарч байгааг хэн бүхэн мэдсээр байж дуугүй өнгөрч болно гэж үү?
Их хот Улаанбаатар минь жилийн жилд утаанд угаартаж,улмаар МОНГОЛ хүний дундаж наслалтын хувийг доошлуулж эрүүл бус хүүхдүүд МОНГОЛ эхийн хэвлийд бүрэлдэн төрж байгаа явдал хэний буруу вэ?
МОНГОЛ хүн МОНГОЛ хүнээ чимээгүй угаартуулж байгаа явдал бус уу?Цаашлаад хятадын жимс ногоог өөрсдөө зөөж оруулж ирээд МОНГОЛ хүн МОНГОЛ хүндээ зарж байгаа явдал нь бас МОНГОЛ нь МОНГОЛОО хордуулж байгаа бус уу?
Саяхны нэгэн тод жишээ МОНГОЛ хүн МОНГОЛ хүндээ хортой архи хийж өгөөд амийг нь хөнөөсөн явдал юуг хэлнэ вэ?Бид өөрөө өөрсдийгөө хөнөөж байна.!!
МОНГОЛ ХҮН БҮР ДОР БҮРЭЭ ЭМЗЭГЛЭГТҮН!!
МОНГОЛ ХҮН БҮР БИЕ БИЕЭ ХАЙРЛАГТУН!!
Энэ бүхэн хэний буруу вэ?
Эх орон танаас эхлэх учир бид бие биеэ хайрлацгаая!
МОНГОЛЫН төр засаг маань ард түмнээ харж хамгаалах цаг болжээ. Амьд явах баталгаагүй орчин эх оронд минь нүх сүвгүй үүрлэсэн байхад Төр засаг ард түмнийхээ төлөө олигтой дорвитойхон арга хэмжээ авахгүй, төр засгийн бодлого хөмөрсөн тогоо шиг болсон учир МОНГОЛ хүн бүр "Төрд үгээ хэлэх" цаг нь болжээ.
Эх орон төрсөн нутаг минь хүчгүйдэж,ард түмэн туйлдсан өнөө цаг үед эх орондоо хийж болох үйл ,бодол санаа, сэтгэгдэл, шүүмжлэл хэлцэл, ер нь юу байна тэр бүхнийг агуулсан утгатай "Төрд хэлэх миний үг" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг "ХӨХ СҮЛД " бүлгэмээс зарлахын ялдамд эх орон төрсөн нутагтаа санаа зовдог МОНГОЛ хүн бүрийн хүчин ,үйлс хэрэг эх оронд минь хэрэгтэй болсон гэдгийг сануулж байна.
Жич: Уралдаанд оролцох нийтлэлүүдийг huh_suld@yahoo.com хаягаар 2008 оны 1-р сарын 28-ныг хүртэл хүлээн авах ба тавигдах шаардлага: крилл үсгээр бичигдсэн байх.
ХӨХ СҮЛД бүлгэмийн нэрийн өмнөөс Төр засагт өргөн барих ба МОНГОЛ сайтуудад байршуулна.
Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг байр эзлүүлж бэлэг дурсгал ба мөнгөн шагналаар шагнана.
ЭХ ОРОН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ.
ХӨХ СҮЛД бүлгэм.
Миний хувьд пропорциналь системийг дэмжихгүй байна. Учир нь сонгуулин хуульд өөрчлөлт оруулахыг санаачилсан гишүүд, МАХН-ынхан ирэх сонгуульд одоогийн хуулиар орох нь тухайн намын хувьд хэт эрсэдэлтэй гэж үзсэнд л асуудлын гол нь байгаа гэж бодож байна. МАХН-ын нэр хүнд ихээр унасан учираас можаритар системээр орох юм бол нэр дэвшигчидийн рэйтингээр санал өгөх тохиолдолд явцгүй, харин намын нэрээр сонгуульд орох нь эрсдэлгүй гэж тооцсон болов уу. Түүнээс биш Ардчиллын үнэт зүйлсийг хадгалах, Засаглалыг тогтвортой байлгах, сонгуулийг шударга явуулах гэсэн гол ач холбогдлыг харгалзаагүй байх.
Сэтгэгдэл үлдээх: