Үргэлжлэл (Ийм Төрийн Албаны зөвлөл 100 гаран жилийн өмнө л байсан)

Үргэлжлэл (Ийм Төрийн Албаны зөвлөл 100 гаран жилийн өмнө л байсан. Одоо бол Ерөнхийлөгч Н.Энхбаярт л хэрэгтэй бололтой)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи шүүмж.

Ерөнхийлөгч маань сүрхий их эрх мэдэлтэй төрийн албаны зөвлөлд их хайртай бололтой. Тийм ч болохоороо өөрөө санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар маш олон заалт нэмж оруулсаны зэрэгцээ зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч санал болгон УИХ томилох нь зүйтэй гэж үзсэн биз. Дээрээс нь бас менежмент, ялангуяа хүний нөөцийн менежментийн талаар ёстой “А” ч үгүй бололтой манай Ерөнхийлөгч.

Ерөнхийлөгчийн маань санал болгоод байгаа шиг төрийн албаны зөвлөл өөр улсуудад байдаг уу? Байсан. Харин одоо бол байхгүй.

1881 онд ерөнхийлөгч Гарфийлдын амь насыг төрийн албан тушаал горилогч нэгэн хороосноос үүдэн Пенделтон Акт (Pendleton Act) гэж алдаршсан Төрийн албаны тухай хууль 1883 онд батлагдан гарчээ. Уг хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл байгуулагдсан бөгөөд зөвлөл нь дөрвөн үндсэн үүрэгтэй байв. Үүнд:

• Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах,
• Төрийн албаны шалгалтанд өндөр оноо авсан хүмүүсээс эхлэн төрийн албанд томилох,
• Төрийн албанд анхлан орогсдыг эхний ээлжинд туршилтын журмаар ажиллуулан, дүгнэх,
• Муж улсуудаас Вашингтонд ажиллах албан хаагчдыг мужуудын хүн амын тоог харгалзан томилох зэрэг байв.

Үүнээс хойш төрийн албаны зөвлөл үндсэн үүргээ хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой.

Өнөө цагт төрийн албаны шалгалт авдаг улсуудын тоо маш цөөхөн үлдсэн бөгөөд шалгалт авдаг хэдхэн улс нь уг шалгалтыг манай Ерөнхийлөгчийн төсөлдөө тусгасанаас шал өөрөөр хэрэглэдэг бас шалгалт нь бидний авдагаас нэлээд өөр байдаг юм.

Менежмент, ялангуяа хүний нөөцийн менежмент асар хурдтай хөгжсөн түүнчлэн төвлөрлийг сааруулах бодлого улс орон төдийгүй, байгууллагад хамаатай болсон тул төрийн албаны шалгалтанд өндөр оноо авч тэнцсэн хүмүүсийг автоматаар төрийн байгууллагад хуваарилах нь буруу болох нь нотлогдож, ямар ч байгууллага өөрсдийн шалгуураар, өөрийн байгууллага, нэгждээ тохирох хүнийг сонгон шалгаруулж авдаг болоод удаж байна. 

Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай. Юуны түрүүнд Төрийн албаны зөвлөл аль байгууллагад ямар ажилтан хэрэгтэйг тухайн байгууллаас илүүтэйгээр мэднэ гэж байхгүй. Иймдээ ч шинэ ажилтан сонгон шалгаруулахад тухайн байгууллагын хүний нөөцийн хэлтэс эсвэл хүний нөөц хариуцсан мэргэжилтэн шинээр ажиллах хүнийг нэгжийн даргатай зөвшилцөн сонгон шалгаруулдаг юм.

Байгууллагад хэрэгтэй  ажилтан сонгон шалгаруулж авахдаа мэдлэг, боловсрол төдийгүй тухайн хүний зан, ур чадвар, ерөнхий мэдлэг зэргийг нь харгалзан үзэхээс өөр аргагүй. МУ-н Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн албаны шалгалтаар дээрх бүгдийг мэдэж авах боломжгүй юм.

2-рт Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг хэт нэмэгдүүлэх, байгууллагад харьяалагдах ёстой эрх мэдлийг Төрийн албаны зөвлөлд шилжүүлэх нь хүнд суртал, авилгалыг улам бүр нэмэгдүүлэхийн зэрэгцээ зарим нэг эрх мэдэлтнүүдэд дураараа авирлах, өөрсдийн хүнийг төрийн албан тушаалд томилох зэрэг бусармаг үйлдлийг өөгшүүлнэ.

Уг хуулийн төсөлд Төрийн албаны төв байгууллагаас төрийн жинхэн албаны удирдах ба төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн,  төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх (дарга, захирал, эрхлэгч) албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа хуулийн 10.1, 33.4-т заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа зөвхөн нэг нэр дэвшигчийг сонгож, шууд томилдог, чөлөөлдөг байх эрхийг Төрийн албаны зөвлөлд олгохоор тусгажээ. Энэ нь шудрага өрсөлдөөнийг боомилсон, эрх мэдэлтнүүд өөрийн хүнийг ямар нэгэн өрсөлдөөн, сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилох боломжийг нэмэгдүүлсэн, төрийн албан тушаалтнууд иргэдэд бус өөрсдийгөө томилсон эрх мэдэлтнүүдэд үйлчлэх явдлыг гааруулсан, ардчилсан бус засаглалтай оронд тохирохоор заалт болсон байна.

3-рт Төрийн албаны зөвлөл гэдэг бол төрийн байгууллагад зөвлөгөө өгөх, ажилтуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, сургалт, семинар зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага байдаг болохоос биш энэ хуулийн төсөлд заасан шиг байгууллагын эрх мэдэлд хамаатай асуудлуудыг өөртөө төвлөрүүлэн, сүрхий их эрх мэдэл эдлэн суудаг байгууллага биш. Энэ хуулийн төсөлд заасан шиг эрх мэдэлтэй Төрийн албаны зөвлөлийг ардчилалын замаар замнаж яваа улсуудаас хайгаад ч олдохгүй.

Энэ мэтээр энэ хуулийн төслийн зүйл, заалт бүрийг авч үзвэл иргэд бидэнд хэрэгтэй зүйл, заалт хуруу дарам байна.

Энэ нийтлэл болон өмнөх 3 нийтлэлийг нэгтгэн дүгнэвэл сайхан үг, бичлэгээр далд санаагаа нуусан, үнэн хэрэг дээрээ иргэдийг бус эрх мэдэлтнүүд, тэдгээрийн хамсаатнуудын эрх мэдлийг улам нэмэгдүүлж, өөрсдийнхөө бохир ажлыг хуулийн нэр барин хамгаалахыг оролдсон, авилгал, хүнд суртлыг улам бүр гааруулсан, Монгол Улсын иргэн бүрийн амьдралд сөрөгөөр нөлөөлөх хуулийн төсөл болжээ.

Ийм хуулийн төсөл боловсруулахад хүргэсэн 2 зүйл байж болох. Нэгдүгээрт, мэдсээр байж санаатайгаар өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн боловсруулсан байж болох. Эсвэл дэндүү хоцрогдон, орчин цагтай хөл нийлүүлэн алхаж чадахаа байж, бодож, сэтгэх нь өөрсдийнхөө хүрээнээс гарах хөг нь өнгөрсөн байж болох.

Энэ хуулийн төслийг үгүйсгэх олон зүйлийн голыг дурьдвал:

1. Энэ хуулийн төсөл нь нэгэнт үеэ өнгөрөөн, хоцрогдсон төрийн захиргааны онол, загвар, зарчимд тулгуурласан байгаа нь уг хуулийн төслийг бүхэлд нь буруу зүгт хандуулжээ.

2. Энэ хуулийн төсөл нь төрийн албаны шинэтгэлийг үгүйсгэсэн, орчин цагийн хандлагаас эрс зөрүүтэй байна.

3. Төвлөрөлийг сааруулах бодлогыг гацаанд оруулсан, эрх мэдлийг ахин нэг гарт төвлөрүүлсэн. Эрх мэдэлтнүүд өөрийн хүнийг төрийн албан тушаалд шудрага өрсөлдөөн, сонгон шалгаруулалтгүйгээр томилох боломжийг бүрдүүлсэн байна.

4. Төлөөллийн ардчилалыг уландаа гишгэн, улс төрийн албан тушаалтан байж, иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудыг суудалдаа дархлагдсан, иргэдэд бус эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг төрийн жинхэнэ албан тушаалтан болгосон байна.

5. Хүний нөөцийн менежмент, түүний ололттой талуудыг үгүйсгэж, байгууллагад харьяалагдах ёстой эрх мэдлийг булаан авч нэг гарт төвлөрүүлэн,  эрх мэдэлтнүүд дураараа авирлах боломжийг бүрдүүлжээ.

Энэ хуулийн төсөл нь нэг ёсондоо ардчилал, шинэчлэлийн баг өмссөн ардчилал, төрийн албаны шинэтгэлийг устгагч, хүнд суртлыг тахин шүтэгч чөтгөр юм.

Энэ хуулийн төслийг бүгдээрээ эсэргүүцэе.

(Энэ нийтлэл болон өмнөх 3 нийтлэлтэй санал зөрж буй эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор санал үлдээх буюу reformer0001@yahoo.com хаягаар ц-шуудан илгээнэ үү)

Сэтгэгдэлүүд:

1. hmm (зочин) | 2008-01-04 12:16:55
ene tusliig eserguutsej buig demjij bn. yaj eserguutslee ilerhiileh vee?
2. hmm (зочин) | 2008-01-04 14:23:59
Nomch mergen zohiolch Sengiin Erdene agsanii "Nambariin Enkhbayart" hemeeh negen niitlel (zahidal) bdag yum. Uvgun zohiolch guai Enkhbayariig Eyrunhiilegch bolohoos ni umnu bur todruulbal zohiolchdiin horoond tsug ajillah ues l tanij meden yamar hun hiigeed tsaashid hen bolohiig ni unuugiin bidnii harj bgaa shig nevt shuvt harj shinjeed unen nuur tsaraig ni ter zahidaldaa bichsen yum bilee.
Ene bichlegiig unshaad bi ter zahidlaas zoriud bichii hemeen S.Erdene guain "Ene orchlon" hemeeh bogino uguulleg, tuuj, niitlelees burdeh nomiig umnuu taviad bn. Ug nomond deerh zahidliig "S.Erdene guain huviin arhivaas" gej oruuljee. Zahidalaas hesegchilbel:
" . . . Buriad ehiin hevliigees tursun huu gej zugeer neg jalganii mayagiin taltai nudeer bi chamaig harj yavdag bailaa. Bi bol amidraliin urt zam tuuj, olon yanziin huntei uulzaj uchirch, holdoj oirtoj yavsan bas ch muugui gyarhai nudtei zohiolch, hunii setgehuin taliin baga zereg medlegetei uchraas zohiolchdiin horoond chamtai gants hoyor jil ajillahdaa jaahan zainaas ajin harj, holiin bodoltoi ni, holiin shunaldaa diilegdej medeh hun yum daa gej boddog baisan yum. Hojim soyoliin yamnii said baihad chini ene bodol mini ulam lavshirsan. Odoo bol chamaig hutagtiin dur esgesen ih shunaltan baijee gej shuluuhan heliey. . . . " hemeejee.
3. пүда (зочин) | 2008-12-04 17:02:03
гоё
4. пүда (зочин) | 2008-12-04 17:02:05
гоё

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.