Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи шүүмж.
4. Уг хуулийн төсөлд зааснаар төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангахын тулд:
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө “түр” хугацаагаар томилохгүйгээр хуулийн 17.1, 17.4-т зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх, ийм боломжгүй бол төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авдаг практикийг хэвшүүлж, хуулийн энэ заалтыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлдэг байх шаардлагатай байна.
хэмээжээ.
Ийм өөрчлөлт оруулснаар ажилтан томилох эрх бүхий албан тушаалтнууд танил тал, намын харьяалал харгалзан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, “өөрийн” хүнийг “түр” нэрийн дор төрийн захиргааны албан тушаалд томилох, түр ажиллаж байгаа хүн нь мэргэшлийн шалгалтанд орж, доогуур оноо авсан ч өндөр оноо авсан хүнийг биш, тухайн “түр” хүнээ үргэлжлүүлэн ажиллуулах, тэр ч бүү хэл шалгалтанд тэнцээгүй байсан ч ажлын байрыг нь чөлөөлөхгүй байх, түүнчлэн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг “түр” томилогдон ажиллаж байгаа хүндээ тохируулан зарлах зэргээр шударга бус үйл ажиллагаа явуулдаг, түр томилох хуулийн энэ заалтыг ашиглаж, албан тушаалын авилгал авдаг явдлыг зогсооно хэмээн тооцоолсон байна.
Үнэхээр зогсоож чадах уу?
Төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин ажиллах ёстой юу? Ёстой. Төрийн алба тогтвортой байх ёстой юу? Ёстой. Энэ зарчим 1854 онд Англи Улсад хэвлэгдэн гарсан Норткөүт-Тревелианын тайланд анх тусгалаа олсон гэж үздэг. Норткөүт-Тревелианын тайланд энэ хуулийн төсөлд тусгасантай адил, бараг үг үсгийн зөрөөгүй өгүүлбэр бий.
...Төрд алба хаших хүсэлтэй хүн бүр шалгалт өгөх ёстой. Төрийн албаны шалгалтыг тусгай хороо зохион байгуулна. Шалгалтанд тэнцсэн хүмүүс төрийн албаны доод шатнаас эхлэн ажиллаж эхэлнэ. Албан тушаалын орон тоо гарах аваас түр ажиллаж байгаа хүмүүсээс ажлын чадвар, мэдлэгийг нь харгалзан уг албан тушаалд томилно...
Нэг ёсондоо нэлээд удаан хугацаанд хэрэглэгдэж байгаа зарчим гэсэн үг л дээ. Гэхдээ энэ зарчмыг өнөө цагт арай өөрөөр тайлбарлаж, хэрэглэх болсон юм. Мэргэшсэн байх гэдэг нь заавар төрийн албанд олон арван жил ажилласан байхыг хэлж байгаа биш, мэдлэг, чадвартай байна гэсэн үг. Тогтвортой байна гэдэг нь төрийн албан хаагч албан тушаалдаа дархлагдан, төрийн албанд насаараа ажиллана гэсэн үг биш, төрийн бодлого залгамж чанартай байж дарга, цэрэг солигдсон ч үйл ажиллагааны үндсэн зарчим, бодлогод өөрчлөлт орохгүй байна гэсэн утгаар тайлбарлах болжээ. Энэ нь өнөөх төрийн шинэ менежменттэй холбогдох бөгөөд энэ зарчим нь улам бүр уян хатан болсоор байна. Иймдээ ч Засгийн газрын агентлагийн даргаар мэдлэг, чадвартай бизнесменийг томилох, аутсоурсинг хийх, аливаа улсын ерөнхийлөгчөөр сайн менежер сонгогдох явдал түгээмэл болсон байх.
Төрийн албан хаагчийг түр хугацаагаар томилох тухайд:
Төрийн албан хаагчдыг түр томилох явдал маш түгээмэл байдаг. Бараг бүх улсад байдаг гэхэд худал болохгүй л дээ. Хувийн хэвшилд бол бүр өргөн хэрэглэгддэг. Туршилтын хугацаагүйгээр шууд ажилтнаа авдаг компани гэж бараг үгүй болсон байх.
Төрийн албан хаагчийг түр хугацаагаар томилохыг хуулиар хязгаарласнаар танил тал, намын харьяалал харгалзан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, “өөрийн” хүнийг “түр” нэрийн дор төрийн захиргааны албан тушаалд томилох, түр ажиллаж байгаа хүн нь мэргэшлийн шалгалтанд орж, доогуур оноо авсан ч өндөр оноо авсан хүнийг биш, тухайн “түр” хүнээ үргэлжлүүлэн ажиллуулах, шалгалтанд тэнцээгүй байсан ч ажлын байрыг нь чөлөөлөхгүй байх, түүнчлэн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг “түр” томилогдон ажиллаж байгаа хүндээ тохируулан зарлах зэргээр шударга бус үйл ажиллагаа явуулдаг, түр томилох хуулийн энэ заалтыг ашиглаж, албан тушаалын авилгал авдаг явдлыг зогсооно гэвэл харин худлаа.
Түр томилдгийг зогсоох оролдлого хийж, түүнээсээ суралцсаны үндсэн дээр танил тал, намын харьяалал харгалзан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, “өөрийн” хүнийг “түр” нэрийн дор албан тушаалд томилох, түр ажиллаж байгаа хүн нь мэргэшлийн шалгалтанд орж, доогуур оноо авсан ч өндөр оноо авсан хүнийг биш, тухайн “түр” хүнээ үргэлжлүүлэн ажиллуулах зэрэг асуудлыг зогсоохын тулд түр хугацаагаар томилохыг хуулиар хориглосон ч төдийлөн үр дүнд хүрэхгүйн дээр төрийн албаны шалгалтад өндөр оноо авсан хүн бүр тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, чадварыг эзэмшсэн байдаггүй тул түр хугацаагаар ажиллуулж шинэ ажилтан тухайн байгууллагын соёлд зохицох эсэх, тухайн байгууллагад хэрэгцээтэй мэдлэг, чадварыг эзэмшсэн боловсон хүчин мөн эсэх зэргийг нягтлах шаардлага заавал гардаг байна. Иймд бусад улсууд туршиж үзээд, болохгүйг нь мэдрээд, өөр арга зам хайж олчихоод байхад бид заавал тэдний явсан замаар дахин явж, болохгүй зүйлийг дахин туршиж, цаг хугацаа гарздах хэрэг байна уу?
Танил тал, намын харьяалал харгалзан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, “өөрийн” хүнийг “түр” нэрийн дор ажилд авдаг, түр ажиллаж байгаа хүн нь мэргэшлийн шалгалтанд орж, доогуур оноо авсан ч өндөр оноо авсан хүнийг биш, тухайн “түр” хүнээ үргэлжлүүлэн ажиллуулдаг, түр томилох хуулийн заалтыг ашиглаж, албан тушаалын авилгал авдаг зэрэг асуудлыг зогсоохын тулд түр томилохыг хуулиар хориглох биш ажлын гүйцэтгэлийг үнэлэх системийг зөв тогтоож, хариуцлагын тогтолцоог сайн ажиллуулах ёстой юм.
Ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ орцод бус гарцад тулгуурлан, үр дүнг эрхэмлэн үзэж, үр дүнгүй ажилласан байгууллагын даргатай хариуцлага тооцох тогтолцоог сайн ажиллуулж чадвал байгууллагын дарга нар ямар ч ажилтан авсан сайн ажиллаж, байгууллагын ажлын гүйцэтгэлийг сайжруулахад хувь нэмэр оруулж чадах нэгнийг сонгох нь дамжиггүй. Гүйцэтгэлийн менежмент төлөвшөөгүй, хариуцлагын тогтолцоо алдагдсан байгаа учраас албан тушаалтнууд танил тал, намын харъяалалын дагуу ажилд авах, өөрийн хүнийг даргаар томилох асуудал газар авч байгаа болохоос биш Төрийн албаны хуулинд ... төрийн албан хаагчыг 6 сар хүртэл хугацаагаар түр томилж болно ... гэсэн заалт байгаагаас болоогүй юм.
Өөрөөр хэлбэл сэлэм агссан дайсны сэлэмтэй бус хүнтэй нь байлдах учиртай юм. Иймд Төрийн албаны хуулинд байгаа ... төрийн албан хаагчыг 6 сар хүртэл хугацаагаар түр томилж болно ... гэсэн зөв заалттай биш энэ зөв заалтыг буруугаар хэрэглэгдэхэд хүргэж байгаа нөхцөл, байдалтай тэмцэе.
(Үргэлжлэл бий)

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: