Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи шүүмж.
2. Уг хуулийн төсөлд зааснаар:
Төрийн захиргааны албан хаагчдыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлснээр УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа эсвэл Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчдыг олноор халж, солих, улмаар өөрийн харьяалагдаж байгаа улс төрийн намын удирдлагын заавраар, өөрийн намын гишүүн л бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдал нь хэр болохыг үл харгалзан төрийн албанд томилж, төрийн албаны нэр хүнд болон олон нийтээс төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулан төрийн жинхэнэ албан хаагчдын шударгаар ажиллах эрмэлзэл, ирээдүйдээ итгэх итгэл үнэмшлийг алдагдуулахад хүргэдэг байдлыг зогсооно.
хэмээн тооцоолжээ.
Халит харахад боломжийн юм шиг санагдаж байгаа боловч энэ асуудал нь төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэхтэй огт холбоогүй юм.
Вилсоны үеэс буюу 1880-аад оны үеэс бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагаа болон улс төрчид, төрийн албан хаагчдыг зааглах хэрэгтэй гэж үзэх болжээ. Бодит байдал дээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг салгана, төрийн захиргааны ажилтнууд, улс төрчдийг ангид байлгана гэдэг боломжгүй зүйл юм. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагаа хоорондоо нягт холбоотой. Улс төрчдийн боловсруулсан бодлого улс төрөөс ангид төрийн захиргааны албан хаагчдаар дамжин хэрэгждэг гэж ойлгох нь буруу юм. Төрийн захиргааны байгууллага, албан хаагчид ч гэсэн бодлого боловсруулж байдаг. Тэдний боловсруулсан бодлого ихэнхи тохиолдолд улс төрчдийн боловсруулсан бодлоготой адил бичигдэж, батлагддаггүй боловч улс төрчдийн боловсруулсан бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Төрийн захиргааны удирдлагын онол төрийн албан хаагчдыг өгсөн үүрэг, даалгаварыг гүйцэтгэгч, боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэгч гэж үздэг нь бодит байдалтай авцалддаггүй. Төрийн албан хаагчдын хийж, гүйцэтгэж буй ажил ихэнхи тохиолдолд улс төртэй холбогдохоос өөр аргагүй байдаг. Аливаа бодлогын улс төрийн шийдлийг ойлгохгүйгээр тухайн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд төрийн албан хаагчдыг улс төрөөс ангид байлгана гэдэг боломжгүй зүйл юм. Тийм ч учраас дэлхийн олон орон маш олон оролдлого хийж, дүрэм журам батласан боловч бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг салгаж, төрийн захиргааны ажилтнууд, улс төрчдийг ангид байлгах арга олоогүй бололтой.
Төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлснээр улс төр, улс төрийн намаас ангид байлгана гэдэг нь лалын шашинтнаас Коран судрыг нь, Христос шашинтнаас Библийг нь авчихаад тэднийг Мухамед эсвэл Исуст итгэхээ болисон эсвэл лам хүнд энгийн хувцас өмсүүлчихээд түүнийг лам биш болсон гэж бодохтой нэгэн адил зүйл юм.
Төрийн жинхэнэ албан хаагчдыг олноор халж, солих, улмаар өөрийн харьяалагдаж байгаа улс төрийн намын удирдлагын заавраар мэдлэг, боловсрол, туршлага, ур чадваргүй хүнийг төрийн албанд томилох зэрэг зүй бус үйлдлийг хариуцлагын тогтолцоог сайжруулж, захиргааны хэргийн шүүхийг төгөлдөржүүлж, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлсэнээр л зогсоохоос бус намын батлах нэртэй цаасыг үгүй хийснээр зогсоохгүй.
Төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх нь төрийн жинхэнэ албан хаагчдыг олноор халж, солих, улмаар өөрийн харьяалагдаж байгаа улс төрийн намын удирдлагын заавраар мэдлэг, боловсрол, туршлага, ур чадваргүй хүнийг төрийн албанд томилох зэрэг зүй бус үйлдлийг харин ч нууц, хуйвалдааны байдалд оруулах юм. Өөрөөр хэлбэл намын харьяаллын дагуу ил хийгддэг байсан ажлыг далд хийх боломж бүрдүүлнэ. Намын батлахтай, батлахгүй хэн аль намыг дэмжигчийг олж мэдэх боломжтой тул намын гишүүнчлэлээс л түдгэлзүүлчихвэл энэ асуудал шийдэгдэнэ гэж ойлгох нь тун буруу. Иймд намын гишүүнчлэлээс түдгэлзүүлснээр төрийн албаны нэр хүнд болон олон нийтээс төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хадгалж, төрийн жинхэнэ албан хаагчдын шударгаар ажиллах эрмэлзэл, ирээдүйдээ итгэх итгэл үнэмшлийг сайжруулна гэж ярих ч хэрэггүй.
3. Уг хуулийн төсөлд мөн:
Засаг төрийн төлөөлөгч болохынхоо хувьд хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг нь тогтвортой байлгах үүднээс баг, хорооны Засаг даргын албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалын ангиллаас хасаж, төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамааруулах шаардлагатай байгаа юм.
хэмээжээ.
Энэ нь төвлөрөлийг сааруулах бодлого болон төлөөллийн ардчилалын зарчимтай зөрчилдөж байна.
Төвлөрөлийг сааруулах бодлого нь ардчилалыг бэхжүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн үндэс, суурь болдог тул сүүлийн 30 гаран жилийн хугацаанд дэлхийн улс, орнууд төвлөрөлөөс сааруулах бодлогыг өөрсдийн онцлогоос шалтгаалан ямар нэг хэмжээгээр хэрэгжүүлж байна. Зөвхөн 2001 онд л гэхэд дэлхийн 95 улсад 253 төрлийн төвлөрөлийг сааруулах бодлого хэрэгжиж байжээ. Энэ нь төвлөрөлийг сааруулах бодлого хэр түгээмэл болохыг батлаж байгаа юм.
Улс төр, санхүү, захиргааны шийдвэр гаргах, бодлого боловсруулах үйл явцад иргэдийг олноор оролцуулах, тэдний санал бодлыг тусгахын тулд нутгийн захиргааны байгууллага өөрөөр хэлбэл аймаг, нийслэл төдийгүй баг, хорооны засаг дарга нарт улс төр, санхүү, захиргааны шийдвэр гаргах, бодлого боловсруулах талаар тодорхой хэмжээний эрх өгөх ёстой агаад ингэснээр иргэдэд хамгийн ойр байдаг нэгжүүд иргэдтэй хамтран ажиллаж, тэдний санаа, бодлыг сонсож, хамгийн хэрэгцээтэй, шаардлагатай бодлого боловсруулж, шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. Иймд баг, хорооны засаг дарга нарыг гагцхүү дээрээс өгсөн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлдэг, төрийн жинхэнэ албан хаагч болгох нь зохимжгүй юм.
Иргэдийн хувьд улс төрийн албан тушаалтай буюу сонгуульт албан тушаалтантай хариуцлага тооцох боломж нь төрийн жинхэнэ албан хаагчтай хариуцлага тооцох боломжоос хялбар байдаг. Өөрөөр хэлбэл иргэд төрийн жинхэнэ албан хаагчидтай хариуцлага тооцохдоо заавал ямар нэгэн шат дамждага дамждаг нь тэдэнтэй хариуцлага тооцох тогтолцоог хүндрэлтэй, хүнд сурталтай удаан болгодог байна.
Бага, хорооны засаг даргын албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалаас хасч, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын ангилалд хамааруулах замаар улс төрийн албан тушаалтны тоог бууруулах нь Монгол Улсад Ардчилсан хувьсгалаас хойш хэрэглэж байгаа төлөөллийн ардчилалын эсрэг зүйл юм. Өөрөөр хэлбэл төрийн албыг тогтвортой ажиллуулах нэрийн дор хууль, дүрэм, даргын тушаал, шийдвэрийг зөрчихөөс айхаас бус өөрсдийнх “жинхэнэ дарга” болох иргэдийн өмнө хариуцлага хүлээх, үр бүтээлтэй ажиллах гэдгийг умартсан, албан тушаалдаа дархлагдсан төрийн жинхэнэ албан хаагчдыг олноор бий болгож төрийн албыг хариуцлагтай, бүтээлтэй, үр өгөөжтэй, түргэн, шуурхай ажиллах боломжийг хаадаг.
Түүнчлэн баг, хорооны засаг дарга, түүний орлогч нар улс төрийн албан тушаалтан байх нь эрх мэдлийг тэнцвэржүүлэх, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд ихээхэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл баг, хорооны түвшинд ч гэсэн хяналт тавих, эрх баригчдыг шүүмлэх сөрөг хүчин бий болох боломжтой гэсэн үг юм.
Бага хорооны засаг дарга бол иргэдээс шууд сонгогддог иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшиж сонгогдон, гэрээний үндсэн дээр ажиллах, улс төрийн албан тушаалтан байх ёстойгоос бус дээрээс өгсөн үүрэг даалгаварыг үг дуугүй биелүүлэгч, албан тушаалдаа дархлагдсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэггүй төрийн жинхэнэ албан хаагч байх ёсгүй.
(үргэлжлэл бий)

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: