Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачилж, УИХ-р хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа юм байна. Хуулийн төсөл боловсруулах шаардлага, эрх зүйн үндэслэл, хуулийн төслийн танилцуулга болон хуулийн төслийг бүрэн эхээр нь http://www.parl.gov.mn/detail.php?pid=23&sid=129&table=parl_detail&id=7578 гэсэн хаягаар орж үзлээ.
Энэ хуулийн төслийг үзээд энэ хууль батлагдвал хүнд суртал, авилгал, үр дүнгүй, хариуцлагагүй байдал улам бүр газар авахын зэрэгцээ Монгол Улсын төрийн албаны хөгжил даруй 20 гаран жилээр ухрах юм байна гэсэн бодол толгойд орж ирэв. Түүнчлэн энэ хуулийн төсөл нь олон улсын болоод орчин цагын хандлагаас эрс гажсан, төрийн албаны хөгжлийн ололтуудыг үгүйгэсэн, онол болоод практикийн хувьд хоцрогдсон хууль болжээ.
Төрийн албаны шинэтгэлийг үгүйсгэсэн, төвлөрөлийг сааруулах бодлогыг гацаанд оруулсан, Монгол Улсын хөгжил болоод төрийн албаны хөгжилд тээр болох энэ хуулийг батлах нь Монгол Улсын иргэн бүрийн амьдралд муугаар нөлөөлөх нь дамжиггүй.
Энэ хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг нэг бүрчлэн авч үзэж, шүүмæлэх аваас:
1. Энэ хууль нь бүхэлдээ төрийн захиргааны онол, загвар, зарчимд тулгуурласан байгаа нь орчин үед огт зохицохгүй юм.
1980-аад оны дунд үеэс эхлэн өндөр хөгжилтэй орнуудын төрийн албаны шинэтгэлийн явц эрчимтэй өрнөж эхэлсэн билээ. 20-р зууны дийлэнхи хугацаанд ноёрхож байсан “төрийн захиргааны удирдлага”-ын загвар илүү уян хатан, зах зээлийн эдийн засагт тулгуурласан “төрийн шинэ менежмент”-ийн загварт шилжсэнээр төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тогтолцоонд эрс өөрчлөлт гарч “төрийн шинэ менежмент” гэсэн ойлголт өргөн тархаж эхлэв. Эдгээр өөрчлөлтүүд нь хэлбэрийн төдий өнгөн өөрчлөлт биш бөгөөд төрийн үндсэн үүрэг, зохион байгуулалт, төр, иргэдийн хоорондын харилцаа зэрэг чухал ойлголтуудыг нилээдгүй өөрчилсөн юм.
Ихэнхи судлаачид нэгэн дуугаар “төрийн захиргааны удирдлага”-ын загвар, зарчим онол болоод практикийн хувьд хоцрогдон, “төрийн менежмент”-ийн шинэ загвар, онол түрэн гарч ирсэнийг хүлээн зөвшөөрч байна. Иймдээ ч дэлхийн олон оронд төрийн албаны шинэтгэлийн явцыг эрчимжүүлж, төр, түүний байгууллагуудын ажиллах арга барил, үндсэн зарчим зэргийг өөрчилсөн билээ.
Төрийн захиргааны онолын тухайд
Төрийн захиргааны загвар нь нэгэн цагт шинэ дэвшлийг дэлхий нийтэд авчирсан гэдэгтэй маргах аргагүй юм. Төрийн захиргааны зарчим нь онолын хувьд 19 дүгээр зууны сүүлчээр боловсрогдож, 1900-аас 1920-иод онд практикт нэвтэрсэн бөгөөд 1980-аад оныг хүртэл Өрнөдийн ихэнхи улсуудын төрийн албаны үндсэн зарчим байлаа.
Төрийн захиргааны загвар, зарчим нь онолын хувьд АНУ-ын Вүүдров Вилсон (Woodrow Wilson), Фрэдрик Тайлор (Fredrick Taylor), Германы Макс Вебер (Max Weber) нарын боловсруулсан онол болон 1854 онд Англид хэвлэгдэн гарсан Норткөүт-Тревелианын тайлан (Northcote-Trevlyan Report)-д үндэслэсэн. Төрийн захиргааны загварын үндсэн зарчмууд нь төрийн эрх барьж буй улс төрийн нам, улс төрчдийн шууд удирдлаган дор ажиллах, захирах, захирагдах ёсыг нягт мөрдөх, төрийн албан хаагчид улс төрөөс ангид, тогтвор суурьшилтай байх, хувийн эрх ашгаас нийтийн, төрийн эрх ашгийг эрхэмлэн үзэх, аль ч улс төрийн хүчинд ялгаваргүй, тэгш үйлчлэх, төрийн бодлого боловсруулахад үл оролцох, төрийн эрх барьж буй улс төрийн нам, улс төрчдийн боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэх зэрэг юм.
Вебер төрийн захиргааны онолын үндсийг тавьсан ба тэрээр төрийн алба мэргэшсэн, улс төрөөс ангид, туршлага, мэдлэг, чадварт үндэслэсэн байх ёстой хэмээн сургаж байсан. Вилсон Веберийн санааг улс төрчид бодлого боловсруулах ба төрийн захиргааны албан хаагчид нь төрийн бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн гүнзгийрүүлсэн нь төрийн захиргааны албан хаагчдыг гол төлөв механик ажил хийдэг болгосон байна. Фредрик Тайлорын боловсруулсан Шинжлэх ухааны менежментийн онол нь төрийн албанд тун удалгүй хэрэглэгдэх болжээ.
Төрийн захиргааны онол нь хамгийн удаан хэрэглэгдсэн, хамгийн амжилтанд хүрсэн төрийн онол хэмээн тооцогддог боловч энэ үзэл, санаа өөрчлөгдөж эхлээд байна. Төрийн захиргааны онол нь бүр мөсөн устаж үгүй болоогүй, зарим нэг элемент нь өнөөг хүртэл ашиглагдсаар байгаа боловч онол, практикийн хувьд хоцрогдсон бөгөөд асар хурдацтай өөрчлөгдөн, хөгжиж байгаа орчин үеийн нийгмийн шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн хэмээн судлаачид батлаж байгаа билээ.
Төрийн захиргааны удирдлагын загвар, арга барил 1970, 1980-аад оноос эхлэн шүүмжлэлд өртөж эхлсэн агаад төрийн захиргааны удирдлагын ололттой гэгдэж байсан арга барил орчин цагт төдийлөн үр дүнгүй болох нь практикт нотлогдож байлаа. Дээрээс доош чиглэсэн хатуу чанга удирдлагын тогтолцоо нь ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих бололцоо олгосон боловч ажлыг хэт удаан, олон шат дамжлагатай, уян хатан бус болгожээ. Бүх зүйлд стандарт тогтоосон нь ажлыг хэрхэн гүйцэтгэх асуудлын тодорхой болгосон боловч шинэ санаа гаргах, шинэ арга барил нэвтрүүлэх боломжийг хязгаарлаж байлаа. Улс төрийн хяналт нь үр дүнтэй хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадахгүй байв. Товчхондоо, төрийн захиргааны удирдлагын загвар, арга барилыг ардчилсан бус хэмээн шүүмжлэх болжээ.
Дүгнэлт
Төрийн захиргааны удирдлагын загвар, зарчим нь төрийн албыг мэргэшсэн, тогтвортой болгох, авилга, хээл хахуультай тэмцэх зэрэгт дорвитой хувь нэмэр боловч сүүлийн үед шүүмжлэлд өртөх нь элбэг боллоо.
Зарим судлаачдын үзэж байгаагаар төрийн шинэ менежмент төрийн захиргааны удирдлагын халааг авч байгаа бөгөөд төрийн албаны ажиллах арга барил, зорилго, үндсэн зарчим зэргийг нэлээд өөрчилж байна. Төрийн албаны шинэ менежментийн загвар, зарчим нь бүрэн гүйцэд төлөвшөөгүй байгаа боловч АНУ, Англи, Австрали, Шинэ Зеланд, Канад, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд төрийн шинэ менежментийн загвар, зарчмыг төрийн албаныхаа төлөвшүүлсний зэрэгцээ хөгжиж буй орнууд ч энэ замаар замнаж байна. Дэлхий дээр цэвэр брюкратизмд тулгуурласан төрийн албатай улс, орон тун цөөхөн үлдсэн бөгөөд төрийн шинэ менежментийн зарчмыг бүхэлд нь бус юмаа гэхэд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч төрийн албандаа хэрэгжүүлж эхлээд байна. Төрийн шинэ менежмент үүссэнтэй холбоотойгоор стратегийн менежмент, эрсдлийн менежмент, хүний нөөцийн менежмент, төслийн менежмент, гүйцэтгэлийн менежмент, цахим засаглал зэрэг ойлголтууд түгээмэл хэрэглэгдэх боллоо. Иймд төрийн шинэ менежментийн онол, загвар зарчмуудыг төрийн албанд хэрэглэх нь төрийн албаны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүнд сурталгүй, үр бүтээлтэй, түргэн шуурхай, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох үндэс буурь болох юм.
Гэтэл энэ бүх ололт, шинэчлэлийг үгүйсгэсэн, төрийн албыг улам бүр хүнд сурталтай, үр дүнгүй, хариуцлагагүй болох боломжийг бүрдүүлсэн, онол практикийн хувьд хоцрогдсон онолд тулгуурласан хуулийн төсөл санаачлан, улмаар УИХ-д өргөн бариад байна. Энэ хуулийн төсөл нь Шинэ Зеландаас будаа идэж байж (би зөв санаж байвал) 2004 онд УИХ-аас баталсан “Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн барит бичигт заасан төрийн албаны шинэтгэлийн зарим зарчим, бодлоготой зөрчилдөж байгаа төдийгүй олон улсын болоод орчин үеийн хандлагатай огт зохицохгүй байгаа юм.
Энэ хууль батлагдсанаар үүсч болох хор уршиг туйлын их бөгөөд хүн бүрийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлөх тул уг хуулийг батлахыг эсэргүүцэж жагсаал хийх ч бага санагдана. Иймд эрхэм уншигч Та энэ бичлэгийг цааш нь дамжуулбал ихэд баярлах болно.
Энэ хуулийн төсөлд шүүмжлүүштэй зүйлс нэлээд тусгагдсан байгааг дараагын нийтлэлүүдэд нарийвчлан авч үзэх болно. Энэ нийтлэл, хуулийн төсөлд тусгагдсан асуудлууд, төрийн шинэ менежментийн талаар Та бүхэнтэй санал, бодол солилцохдоо баяртай байх болно.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: