Ардчилал буюу democracy гэдэг үг нь Эртний Грекээс үүсэлтэй бөгөөд Грек хэлний kratos буюу удирдах, эрх мэдэл гэсэн утгатай үг, demos буюу хүмүүс, ард түмэн гэсэн утгатай үгний нийлбэр юм. Ардчилал гэдэг үг өнөө цагт хамгийн өргөн хэрэглэгддэг үгсийн нэг болсон боловч ардчилал гэж яг юуг хэлээд байгаа талаархи ойлголт нэлээд бүрхэг, судлаачид болон улс төрийн нам, хүчин өөр өөрөөр тайлбарлах явдал түгээмэл байна.
Сүүлийн үед хэвлэгдсэн ном, судалгаа, өгүүллээс харахад ардчилалын дөрвөн үндсэн хувилбар байх агаад өөр өөрийн онцлогтой, хоорондоо бас ч үгүй ялгаатай ажээ.
Сонгодог ардчилал (Classic Democracy)
Сонгодог ардчилал нь Эртний Грекийн хамгийн том бөгөөд хүчирхэг хот улс болох Афинаас үүсэлтэй. Тухайн үед Афин хотод шууд ардчилал хөгжиж байсан бөгөөд хот улс болон иргэдэд хамаатай бүхий л гол асуудлыг бүх иргэдийн чуулган буюу Иклесиа (Ecclesia)-аар хэлэлцэн шийдвэрлэдэг байсан байна. Бүх иргэдийн чуулган нь жилд ойролцоогоор 40 орчим удаа чуулдаг байсан бөгөөд чуулганы удирдах зөвлөл 500 иргэдээс бүрдэж, иргэдээс бүрдсэн 50 орчим хороод өөрсдийн чиглэлээр чуулганд асуудал оруулдаг байжээ. Чуулганы хуралдалдааныг нэг өдрийн хугацаатай сонгогдсон чуулганы ерөнхийлөгч удирдах бөгөөд Афин хотын иргэн амьдралынхаа хугацаанд ганц удаа л чуулганы ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой байсан. Төрийн эрх барих энэхүү хэлбэрийг сонгодог буюу шууд ардчилал хэмээн нэрлэдэг.
Энэ хэлбэрийн ардчилал өнөө цагт тийм ч түгээмэл бус боловч АНУ-ын Шинэ Английн хотын уулзалтууд, Шведийн зарим кантонын дүүргийн уулзалтууд нь сонгодог ардчилалын зарчмаар явагддаг.
Одоо цагийн ойлголтоор Афин хотын ардчилалыг сонгодог ардчилал гэж үзэх нь учир дутагдалтай байж болох юм. Учир нь бүх иргэдийн чуулганд Афин хотод төрсөн 20-с дээш насныхан л оролцох боломжтой байсан ба тухайн үед Афин хотын хүн амын дийлэнхийг эзлэж байсан зарц, боол, шилжин ирэгсэд бүх иргэдийн чуулганд оролцох, санал өгөх эрхгүй байжээ.
Энэ хэлбэрийн ардчилалыг хамгийн ихээр шүүмжлэгч бол Грекийн гүн ухаанч Плато байсан юм. Платогийн үзэж байснаар жирийн иргэд хангалттай мэдлэг, туршлагагүйн улмаас зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Иймд төрийн чухал асуудлыг ард иргэдээр хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулах нь буруу юм. Төрийн эрхийг гүн ухаанч, хаад, ноёд, улс төрчид зэрэг мэдлэг, туршлагатай хүмүүс барих ёстой гэж үзэж байжээ.
Хамгааллын ардчилал (Protective Democracy)
17, 18-р зууны үеэс ардчилал гэсэн ойлголтыг Эртний Грекийн сонгодог ардчилалаас нэлээд өөрөөр тайлбарлах болсон бөгөөд ардчилалыг иргэдийн улс төрийн амьдралд оролцох арга зам, иргэд төрийн механизмаас өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл гэсэн утгаар ойлгох болсон байна. Иймд ч хамгааллын ардчилал гэдэг нэрийг оноосон байх. Хамгааллын ардчилал нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг гол зорилгоо болгодог тул либерал үзэлтэй гарцаагүй холбогддог.
Хамгааллын ардчилалын гол төлөөлөгчид нь Аристотель, Жереми Бентам, Жемес Милл, Жон Локк нар юм. Тэдний үзэж байснаар иргэд төрийн эрх баригчдыг хянах, өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалах боломжтой байх ёстой. Жишээлбэл төр иргэдээс татвар хураах эрхтэй байж болно. Гэхдээ татварын төрөл, хэмжээг тогтоодог байгууллагыг иргэд хянах, хэт их татвар төлөхөөс өөрсдийгөө хамгаалах бололцоотой байх ёстой гэж үзэж байжээ. Орчин цагийн ойлголтоор эдгээр хүмүүс өөрсдөө ардчилсан биш байсан байж болох юм. Учир нь Локк л гэхэд санал өгөх эрхийг хүний төрөлх эрх гэж үзэж байсан боловч энэхүү төрөлх эрх нь зөвхөн хөрөнгө эзэмшигчдэд л байдаг хэмээн үзэж байсан.
Хамгааллын ардчилал нь хувь хүн бүрд өөрийн сонгосон замаараа амьдрах, хүссэн зүйлээ хийх боломж олгохыг зорилгоо болгодог тул хувь хүн бүр нийгэм, эдийн засгийн хувьд төрөөс тусгаар байж, өөрөө өөрийгөө авч явах ёстой гэж үздэг laissez faire капитализм болон сонгодог либерал үзэлтэй сайтар зохицдог.
Хөгжлийн ардчилал (Developmental Democracy)
Хамгааллын ардчилал нь хувь хүний эрх чөлөө, ашиг сонирхолыг хамгаалахыг урьтал болгодог бол хөгжлийн ардчилал нь хувь хүн болон нийгмийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Хөгжлийн ардчилалын үүднээс ардчилал гэдэг нь хүний эрх чөлөөнд хүрэх арга зам юм. Өөрөөр хэлбэл иргэд оршин буй нийгмийнхээ асуудлыг шийдэх явцад байнга болоод шууд оролцож байх аваас л эрх чөлөөтэй байж чадна гэж үздэг бөгөөд үүгээрээ сонгодог ардчилалтай төсөөтэй байдаг. Энэ үзлийн гол төлөөлөгч нь Россэу бөгөөд тэрээр “Нийгмийн гэрээ” зохиолдоо:
Англичууд өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж боддог. Үнэн хэрэг дээрээ тэд эрх чөлөөгөө байнга эдлэж чаддаггүй. Сонгууль болох үеэр л тэд эрх чөлөө эдлэдэг бөгөөд сонгуулийн дараагаас л өөрсдийн сонгосон хүмүүсийнхээ боол нь болж хувирдаг.
гэж бичжээ.
Хөгжлийн ардчилалын үүднээс иргэд өөрсөдтэй нь холбоотой асуудлаар шийдвэр гаргах явцад оролцох боломжтой байх ёстой. Тэгсэн цагт л иргэд жинхэнэ эрх чөлөөтөй байж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа дээшлүүлж чадна гэж үздэг бөгөөд иргэдийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцад оролцуулахын тулд юун түрүүнд төр, түүний байгууллагууд нээлттэй, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, эрх мэдэл төвлөрөөгүй байх ёстой. Улс төр, эдийн засгийн бодлого тодорхойлох эрхийг аль болох доод шатанд шилжүүлэх ёстой. Ингэснээр иргэдийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцад оролцох бололцоог нэмэгдүүлнэ хэмээн үздэг нь одоо цагт өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад түгээмэл болсон төвлөрөлийг сааруулах бодлоготой зохицож байгаа юм.
Хөгжлийн ардчилалыг улам боловсронгуй болгон хөгжүүлж орчин цагийн төлөөллийн засаглал гэсэн ойлголтыг бий болоход Жон Стуарт Милл ихээхэн хувь нэмэр оруулсан. Милл иргэд улс төрийн амьдрал, шийдвэр гаргах, бодлого боловсруулах явцад оролцсоноор өөрсдийн мэдлэг, ойлголт, чадвараа нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь тэдэнд эрх чөлөөтэй амьдрахад тустай гэж үзэж байжээ.
Гэсэн хэдий ч тэрээр хүн бүрийг тэгш эрхтэй гэж боддоггүй байсан бололтой. Иймдээ ч ямар нэгэн асуудлаар санал хураахад насанд хүрсэн бүх хүн оролцож болох боловч ур чадваргүй ажилчид 1, ур чадвартай ажилчид 2, мэргэжил эзэмшсэн хүмүүс 5 юм уу 6 саналын эрхтэй байх нь зүйтэй гэж үзэж байсан байх.
Хөгжлийн ардчилалыг дэмжигчдийн нэг Токувелли парлиаментын засгаглалыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байсан бөгөөд сонгодог ардчилалын зарчмаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцад бүх иргэдийг оролцуулах нь төдийлөн үр дүнтэй бус. Олонхийн санал, шийдвэр гэдэг нэрийн дор цөөнхийн эрхийг зөрчих явдал түгээмэл гарч болохын зэрэгцээ иргэдийн олонхи нь мэдлэг, чадвар, туршлага дутмаг байдаг тул олонхи дандаа зөв шийдвэр гаргана гэж байдаггүй. Иймд бүх иргэдийг оролцуулан сонгууль явуулж, тэдний өмнөөс бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүсийг сонгон ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байжээ.
Ажилчдын ардчилал (People’s Democracy)
Ажилчдын ардчилал гэсэн ойлголт нь Марксист үзэл, Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Зөвлөлт холбоот улсад тогтсон ортодокс коммунист дэглэмээс үүдэлтэй юм. Ажилчдын ардчилал нь ардчилалын бусад хэлбэрээс нэлээд ялгаатай бөгөөд бүхий л зүйлсийг нийтийн эзэмшилд авч, пролетарийн хувьсгал хийснээр ажилчдын ардчилалыг тогтооно гэж үздэг. Ленин ажилчдын ардчилалыг дэмжигч байсан бөгөөд энэ нь түүний 1917 онд гаргасан “Бүх эрхийг ажилчдын гарт” гэсэн уриагаар батлагддаг. Большевик нам (дараа нь Коммунист нам болгон нэрээ өөрчилсөн) дангаар засгийн эрх барих бөгөөд намын гол зорилго бол ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах хэмээн Ленин тодорхойлж байжээ. Энэ хэлбэрийн ардчилал нь олон муу талтай болохыг энд бичих нь илүүц биз ээ.
Ажилчдын ардчилал нь ортодокс коммунист дэглэмтэй орнуудад түгээмэл байсан боловч хүйтэн дайн төгсгөл болж, коммунист дэглэм нуран унаснаар ажилчдын ардчилалын замаар замнагч хэдхэн орон дэлхийд үлдээд байна.
Аль хэлбэрийн ардчилал хамгийн өгөөжтэй болох талаархи маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид ч үргэлжилсээр байх болов уу. Энэ нь сонгодог болон модерн либерал, консерватив, патерналистик консерватив болон нео-консерватив, социалист, марксист, социал демократ, гуравдагч зам, фашист, анархист, феминист, фундаменталист зэрэг үзлүүд ардчилалыг өөр өөрөөр тайлбарладагтай гарцаагүй холбоотой.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: