Би уул нь хэрүүлч биш л дээ, гэхдээ …


Юуны түрүүнд хэвлэл, мэдээллийн хэрэгслэээр дамжуулан өөрийн санал, бодлоо бидэнтэй үргэлж хуваалцаж байдаг Б.Батчулуун докторт баярлалаа гэж хэлье. Үндсэн хуулийн 16-р зүйлд заасанчлан хүн бүр үзэл, бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иймдээ ч Б.Батчулуун Та энэ эрхээ эдлэж байгаа байх л даа.

Би ч гэсэн энэ эрхээ эдлэж Таны бичсэн “Би лав суудлын даруулгаа хийхгүй!” гэсэн гарчигтай нийтлэлд хариу өгөхгүй бол болохгүй нь. Би хэрүүл хийх дуртайдаа эсвэл энэнээс өөр хийх юм олдохгүй байгаадаа биш Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм тогтоосой гэж бодож явдаг учраас, бас замын цагдаа Та хоёрын хооронд болсон яриа төрийн албаны шинэтгэлийн нэг чухал зарчимтай холбогдож байгаа учраас энэхүү нийтлэлийг бичиж байна.

Миний ойлгосоноор бол Таныг суудлын даруулгаа зүүгээгүй замын хөдөлгөөнд оролцож байхад нэг цагдаа зогсоогоод торгох гэсэн бололтой. Ингээд Та хоёр хооронд дараахь яриа өрнөжээ.

Б.Б: Суудлын даруулгаа хийл¬гvй явбал би хэнд гай учруулах гээд байна вэ?

З.Ц:  Та хууль зөрчөөд байна. (Цагдаа асуултыг чинь ойлгоогүй бололтой)

Б.Б: Сууд¬лын даруулгаа хийхгvй явбал хэнд гай болж, хэнд хохирол учруулах гээд байна вэ?

З.Ц:  Та өөртөө гай болох гээд байна. Суудлын даруулгаа хийхгvй явбал та өөрөө л хохирно шvv дээ

Б.Б: Тэгээд миний төлөө намайг 10000 төгрөгөөр торгох юм болж байна уу?

З.Ц: Хууль нь тийм юм чинь.

Б.Б:  Ямар сайхан төр, ямар сайхан хууль гэж ийм байдаг байнаа. Миний төлөө намайг торгодог байна шvv. Надад өөрөөс минь илvv санаа зов¬дог ийм төр, ийм хуультай байхад хувь хvний хариуц¬лага энэ тэрийн талаар яриад яахав, бидний өмнөөс ха¬риуц¬лага хvлээдэг тэр төрд бvх зvйлээ даатгачихаад vгнээс нь гарахгvй явбал болоо юм биш vv.

Ийм яриа болсны дараа Та замын цагдаад тавьсан асуултаа өөртөө тавьж дараахь дүгнэлтэд хүрчээ.

Б.Б: Ер нь би суудлын даруулгаа хийхгvй явбал яах вэ? Хөнд¬лөнгийн хэн нэг хvний амь нас, эд хөрөнгөнд гай тарьж, хохирол учруулах уу? Vгvй юм байнаа, ёстой хэнд ч гай болж, хохирол учруулахгvй зvйл гэдэг чинь энэ байх. Харин даруулга хийчихээр бие бариад ч байгаа юм шиг машин барихад нэг л эвгvй байдаг. Энэ байдлаасаа болж аваар осол гаргаж хэн нэг хvний эд хөрөнгө, амь насанд аюул учруулчихаж болох юм. Харин суудлын даруулгаа хийгээгvй явж байгаад аваар осолд орох юм бол миний амь нас хохи¬рох болохоос төрийн амь нас хохирохгvй. Тэгэхээр сууд¬лын даруулгаа хийсэн vv, vгvй юv гэдгээс хамаарч хөнд¬лөнгийн хэн нэгэн хохи¬рохгvй бол энэ асуудлыг надад орхичихож болдоггvй юм байх даа!

(Нийтлэлийг бүрэн эхээр нь http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=12423&catid=18- с уншиж болно.)

Таныг суудлын даруулгаа хийхгүй замын хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж, осолдвол “Би” хохирох гээд байгаа юм. Үнэндээ бол Монгол Улсын бүх иргэд хохироно л доо. Бодвол Та эрүүл мэндийн даатгалтай байх. Тийм ч болохоороо гэмтэж, осолдвол (тийм муу зүйл болохгүй байгаасай гэж залбирая) эмнэлэгт үнэгүй үйлчлүүлдэг.

Үнэгүй ч юу байхав дээ. Танд эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд эмч, эм, тариа, тоног төхөөрөмж, тог цахилгаан, хөвөн энэ тэр гээд л хэдэн зуун зүйл хэрэгтэй. Мэдээжийн хэрэг бүгд тодорхой хэмжээний үнэтэй л байж таараа.

Та цалингийнхаа зарим хэсгийг эрүүл мэндийн даатгалд төлдөг л байх. Бид бүгд л төлдөг юм чинь. Тэгэхээр тухайн үед таниас л мөнгө гарахгүй байгаа болохоос биш татвар төлж байгаа хүн бүрээс хураасан мөнгөөрөө л Танд эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг.

Хангалттай мөнгөтэй Засгийн газар гэж хаана ч байхгүй. Бүгд татвар төлөгчдөөс хураасан мөнгөө хүргэх гэж үйлээ үзэж байгаа. Иймдээ ч ард түмнээс сонгогдсон хэдэн нөхдүүд эдгээрийг хийнэ, эдгээрийг хийхгүй гэдгийг шийддэг. Хялбархандаа бол үүнийг нь бид бодлого гэж нэрлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл хязгаартай нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах гэж оролдоод байгаа юм шүү дээ. Тийм болохоор урьдчилан сэргийлж болох зүйлд аль болох хөрөнгө гарздахгүй байх хэрэгтэй. Учир нь өөр хийх зүйл зөндөө л байна.

Хэрэв Та суудлын даруулгаа хийгээд аюул, осолд оролгүй, эрүүл саруул явбал, Таны эмнэлэгийн үйлчилгээнд зориулахаас хэмнэсэн мөнгөөр  миний машиныг эвдээд байдаг энхэл, донхолтой замыг засч болно. Машин хүрэлцэхгүй байна гээд хэдэн цаг бол байж ирдэг Түргэн тусламжийн албанд машин авч өгч болж байна. Нэг ширээн дээр гурвуулаа сууж хичээллэдэг сурагчдад сандал, ширээ авч өгч болон, орох оронгүй заримд гэр ч болтугай авч өгч болно. Ингээд бичээд байвал хийх юм захаасаа аваад олдоно. Нэг ёсондоо миний болоод бусдын амьдрал арай л дээшлэх гээд байна л даа.  Энэ чинь л Таны байнга ярьж, бичдэг “формаль логик” юм биш үү?

Тэгээд ч асуудал үүссэн хойно нь шийдвэрлэх бус, асуудал үүсэхээс сэргийлэх (prevention rather than cure) чинь төрийн албаны шинэтгэлийн нэг үндсэн зарчим. Тийм учраас сүүлийн үед стратеги төлөвлөгөө, эрсдлийн менежмент гэсэн ойлголт өргөн тархаж байгаа биз. Аан тэгээд торгох асуудал бол бодлого хэрэгжүүлэх нэг хэрэгсэл мөнөөсөө мөн. Энэ аргыг хэрэглэдэггүй Засгийн газар дэлхийн хаанаас ч олдохгүй байх.

Товчхондоо бол Та буруу дүгнэлт хийжээ. Таны суудлын даруулгаа хийхгvй явах бусдад хохирол учруулна. Хүний амь нас, эд хөрөнгөд ч хохирол учруулна. Таньтай таардаг тэр замын цагдаа чинь л зайлуул ямар учиртай, ямар бодлого хэрэгжүүлж яваагаа мэдэхгүй яваа бололтой.

Сүүлийн үед эрх, ямба нь ихдээд байгаа тэр төрийн түшмэдийг чинь бид татварын мөнгийг маань хэрэгтэй зүйлд, аятайхан шиг зарцуулаад, аж амьдралыг минь дээшлүүлээд өг гэж сонгосон биз дээ. Зайлуул тэд тэр үүргээ биелүүлэх гэж ухандаж байхад нь Та өөрийнхөөрөө ойлгосон эрх чөлөөгөөр түрий барьж тэдэнд саад хийгээд юу хийнэ. Жолоо барих эсвэл болих бол харин жинхэнэ Таны эрх чөлөө шүү.

Таниас аминчлан гуйхад суудлын даруулгаа хийж байгаач. Ядарч байгаа улсыг битгий улам бүүр ядууруулаач. Мөнгө л байвал хийх ажил зөндөө байна цаана чинь.

Сэтгэгдэлүүд:

1. hun (зочин) | 2007-12-06 03:09:52
hmm mash jijighen asuudlaas uls ornii ireedui hamaardag yum bn ard irged uuniig uhaj oilgoj chadahgui booj haalaa moljoh argaa olj ydlaa gej oilgodog bh getel zuger l mash engiin bogood hialbarhan zuiliig hiichhed l uls orniihoo hogjild jijig geltgui huvi nemree oruulj bui hereg yum bn bi ch bas busee zuuj baina gej amlah bn. I'm going to inspire other people.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.