Манайд нэлээдгүй тооны эмнэлэг бий. Улсын гэсэн тодотголтой бүх эмнэлэг улсын төсвөөс санхүүждэг. Эмнэлэгүүдийн гол зорилго бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг аль болох анхан шатанд нь илрүүлж, эмчлэх, ингэснээр цаашид гарах илүү их зардлыг бууруулж улсын төсөв хэмнэх гэж ойлгож болно. Тэрнээс биш өвчилсөн хүмүүсийг авчраад л эмчлээд байна гэсэн үг биш л дээ. Зарим эмнэлэгийн дарга нар, улс төрчид, эрүүл мэндийн яамныхан нь эмнэлэгүүдэд хуваарилж байгаа төсөв хангалтгүй байна. Хангалттай мөнгөтэй бол ёстой нэг үзүүлээд өгөх юмсан гэцгээдэг.
Эмнэлэгүүдэд аль болох хангалттай төсөв хуваарилаад л, хангамжийг нь сайжруулаад байвал эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна гэвэл худлаа. Дээрээс нь ямар ч улсад хангалттай төсөв гэж байхгүй л дээ. Тухайн жилийн төсөв илүүдэлтэй гарсан хэдий ч илүү гарсан болгоныг хаа хамаагүй цацаад байвал инфляц гэдэг зүйл талийж өгөх байлгүй.
Манай төсвийн томъёололоор бол эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, эмнэлэгт байх хугацаа нь уртсах тусам тухайн эмнэлэгийн улсын төсвөөс авах тусламжийн хэмжээ нэмэгддэг. Энэ томъёолол нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг аль болох анхан шатанд нь илрүүлж, эмчлэх, ингэснээр цаашид гарах илүү их зардлыг бууруулж улсын төсөв хэмнэх гэсэн засгийн газрын үндсэн зорилготойгоо зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид төсөв хуваарилахдаа ихэвчлэн орц буюу хэдэн хүн эмчилсэн, хэн хэр удаан хэвтсэн зэрэг хүчин зүйлсийг харгалзаж төсвөө хуваарилдаг. Тэрнээс биш үйлчлүүлэгчид тус эмнэлэгийн үйлчилгээг хэрхэн үнэлсэн, тэр эмнэлэгт өнгөрсөн жил хэдэн хүн эмнэлэгийн буруугаас болж нас барсан, хэдэн хүнийг хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлж чадсан, хэдэн хүнийг бие даах чадвартай болгосон зэрэг үр дүн буюу гарцыг харгалзаж үздэггүй юм. Энэ байдал, энэ төсвийн томъёолол нь эмнэлэгүүдийг вакцинжуулах, физик эмчилгээг өргөн хэрэглэх, судалгаа шинжилгээ хийх, өвчний эсрэг сурталчилгаа явуулах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлаа хийхээс илүүтэйгээр эмнэлэгийн ороо дүүрэн байлгах, өвчтөнөө олон дахин хэвтүүлэх зэргээр дараа жилийн төсвөө нэмэгдүүлэхийг зориж байдаг.
Сургуулиуд суралцагч хүүхдийнхээ тооноос, нийгмийн халамжийн газар эмзэг бүлэгт багтсан хүнийхээ тооноос, цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай байгаа цагдаагийн албан хаагчдын тооноос хамааран төсвөөс мөнгө хүртдэг. Аль сургууль бусдаасаа чанартай сургалттай байна, гэмт хэрэг аль дүүрэгт хэдэн хувиар буурсан, иргэд хэр амгалан алхах болсон, хэдэн хүн амжиргааны доод төвшингөөс гарч, ажил эрхлэх болсон зэрэг нь төсөв хуваарилахад төдийлөн хамаатай биш. Өөрөөр хэлбэл бид төсөв хуваарилахдаа гарцыг бус орцыг чухалчлан үздэг нь улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудыг мөн адил орцод хамаг анхаарлаа хандуулахад хүргэдэг. Олон хүүхэд улирч суралцагчдын тоо нэмэгдэх, гэмт хэрэг өсч, илүү олон цагдаа ажиллах шаардлагатай болсон, олон хүн өвчилж эмнэлэг бараадах хэрэгтэй болсон тохиолдолд сургуулиудын, цагдаагийн байгууллагын, эмнэлэгийн төсөв нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр өвчнөөс урьдчилан сэргийлж эмчлүүлэгчдийнхээ тоог бууруулах, өвчтөнүүдэд хурдан шуурхай үйлчилж, эмнэгэлгээс гаргах шалтгаан энмэлэгийн дарга нарт, гэмт хэрэгтнүүдийг баривчилж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдтэй боловсон харьцаж, дуудлагад түргэн шуурхай очих шалтгаан цагдаагийн ажилтнуудад, сургалтаа сайжруулж, олон хүүхдийг их, дээд сургуульд оруулах, сургалтын орчиноо сайжруулж, олон төрлийн сургалт явуулах шалтгаан сургуулийн захирал нарт, олон хүнийг ажилд зуучилж, халамж авагчдын тоог цөөлөх, жижиг, дунд бизнесийг дэмжих шалтгаан нийгмийн халамжийн байгууллагын дарга нарт байхгүй болж байна. Харин ч бүх зүйл эсрэгээрээ байх аваас тэд дараа жил илүү их мөнгө төсвөөс авна шүү дээ.
Бид хүссэндээ ийм байдлыг үүсгээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Одоогоос хэдхэн арван жилийн өмнө ихэнхи төрлийн бараа, ажил, үйлчилгээг төрийн байгууллагууд үйлдвэрлэдэг, хувийн сектор төдийлөн сайн хөгжөөгүй, өрсөлдөөн бага, иргэдэд сонголт ховор байсан цаг. Бидэнд тооны машин, компьютер, санхүүгийн программ зэрэг орчин үеийн техник, технологи гэж байсангүй. Гүйцэтгэлийг хэрхэн хэмжих, гүйцэтгэлийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар өндөр хөгжилтэй гэгдэх орнууд дөнгөж туршиж эхлэж байсан үе. Ийм үед хялбараар нь орцыг онцлохоос өөр арга бараг байгаагүй юм.
Одоо цаг өөр болжээ. Иргэд олон зүйлээс сайныг нь сонгохыг эрмэлзэх болж, татвар төлснийхөө хариуд чанартай, хурдан, шуурхай үйлчилгээ шаардах болж, хувийн сектор олон төрлийн үйлчилгээ үзүүлэх болж, өрсөлдөөн ширүүсч, маш их хэмжээний мэдээллийг асар богино хугацаанд, бага өртөгөөр боловсруулах боломжтой болж. Өөрөөр хэлбэл үр дүн буюу гарцыг хэмжих боломжтой болж, гарцад үндэслэн ажлыг нь үнэлэх шаардлагатай болж.
Хэдэн жишээ хэлбэл:
• Улсын төсвөөс санхүүждэг их, дээд сургуулиуд нийт төгсөгчдийнхөө 70 хувийг (3 жил дараалан) ажилд оруулж эс чадваас төсвөөс өгөх санхүүжилтийг зогсоодог болж,
• Техник, менежментийн сургуулиуд хэдэн төгсөгчөө ажлын байртай болгосоноос шалтгаалан төсвөөс хүртэх мөнгө нь хэлбэлзэх болж,
• Шүүгчдийг хэдэн хэрэг шийдсэнээс нь илүүтэйгээр шүүх ажиллагааг хэр шудрага, зөв явуулсан талаар нь иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, гэрч зэрэг шүүх ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцсон хүмүүсээс үнэлгээ авч ажлыг нь үнэлэх болж,
• Засгийн газар хувийн компаниар зам тавиулахдаа А материал Х см зузаантай, Б материал У зузаантай гэх зэрэг шалгаж, нягтлах боломжгүй шаардлага тавихаасаа илүүтэй тухайн замын баталгаатай, аюулгүй ашиглагдах хугацааг тохирох болж,
Бид төрийн албанд гүйцэтгэлийн менежментийн нэвтрүүлж эхэлсэн хэмээн ярьж бичиж байгаа боловч үнэн хэрэг дээрээ гүйцэтгэлийг үнэлж, урамшуулж, төсөвтэй нь холбож байгаа зүйл алга. Төрийн албанд үр дүнгийн гэрээ гэдэг нэртэй орцыг чухалчилсан, хийж гүйцэтгэх ажил, нийлүүлэх бүтээгдхүүний нарийвчилсан жагсаалтыг ашиглаж байна.
Орчин цагт амьдарч буй бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах аваас дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой. Хөл нийлүүлэн алхахыг сонгогдсон болон томилогдсон эрх мэдэлтнүүдээс шаардах ч эрхтэй.
Үр дүнг бус орцыг чухалчилдаг төсвийн томъёололыг халъя. Орцыг бус гарцыг эрхэмлэдэг төрийн байгууллагуудыг бий болгоё.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: