1978 онд Феоникс хотын захиргаа хотын хог зайлуулах ажлыг гүйцэтгэх тендер зарлахаар шийдсэнийг үйлдвэрчний эвлэл эрс эсэргүүцэж байлаа. Үүнээс өмнө хог зайлуулах ажлыг хотын аж ахуй, үйлчилгээний газар гүйцэтгэдэг байсан ба нэг ёсондоо тухайн салбартаа монополь байв. Үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч тендер зарлаж, тухайн тендерт хувийн болоод төрийн үйдчилгээний байгууллага аль аль нь оролцож болохыг онцлов. Тендерт оролцож байгаа хувийн компаниудад ганц болзол тавьсан нь тухайн компани тендерт ялсан тохиолдолд хотын аж ахуй, үйлчилгээний газрын цомхотголд өртсөн ажилчдыг ажлын байраар хангах байлаа.
Феоникс хотын аж ахуй, үйлчилгээний газар дөрвөн жил дараалан тендерт оролцсон боловч ялагдал хүлээж хувийн компаниудад өөрсдийн гүйцэтгэдэг байсан ажлаа алдсан байна. Үүнээс үүдэн Феоникс хотын аж ахуй, үйлчилгээний газар нэлээд өөрчлөлт хийлгүйгээр тендерт ялах, хувийн компаниудтай өрсөлдөх маш хэцүү болохыг ойлгов. Тендерт ялахын тулд тэд дараахь шинэчлэлийг хийсэн байна. Өмнө нь хог зайлуулах машинд гурван ажилтан сууж явдаг байсныг нэг болгосоны зэрэгцээ ажилтнуудынхаа тусламжтайгаар ажлын хуваарь болон маршрутаа өөрчлөв. Хөрөнгө хүч хэмнэх арга санаачилсан ажилтанд тухайн санааг ашигласанаар хэмнэсэн нийт хөрөнгийн 10 хувийг өгч байхаар болов. Түүнчлэн сарын болон улирлын шилдэг жолооч шалгаруулж, урамшуулж эхэлсэн байна. 25 куб метр хог зөөвөрлөх хүчин чадалтай машинаа 32 куб метр хог зөөвөрлөх хүчин чадалтай машинаар томсгов. Зөвхөн машинаа томсгосоны хүчээр тэд урьдын зардлаа 6 орчим сая доллараар хэмнэх бололцоотой болсон байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийсэн нь Феоникс хотын аж ахуй, үйлчилгээний газарт хувийн компаниудтай тендерт өрсөлдөх, улмаар ялах бололцоо олгожээ. 1981 онд Феоникс хотын захиргаа 53 төрлийн ажилд тендер зарладаг байсан бол 1984 онд 179 ажилд тендер зарладаг болж өссөн байна.
Дээр өгүүлсэн явдал өрсөлдөөн гэдэг бол зөвхөн хувийн секторт төдийгүй улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагуудад ч хамаатай болохыг харуулж байна. Үйлчилгээний байгууллагуудын хооронд өрсөлдөөн бий болсноор үнэ буурч, үйлчилгээ сайжирдаг гэдгийг бид мэддэг хэдий ч өнөө хэр нь төрийн үйлчилгээний байгууллагууд ихэнхи салбарт монополь хэвээр байсаар байна.
Төрийн үйлчилгээний байгууллагуудыг өрсөлдөөнд оруулснаар ямар үр дүнд хүрэх вэ?
1. Өрсөлдөөн ямар ч үйлчилгээг илүү үр ашигтай болгодог. Хог зайлуулах ажлыг дахин жишээ болгон авч болно. Нью Йорк хотын хог зайлуулах үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хийсэн судалгаагаар тус хотын хог зайлуулах ажилчид ажлын нийт цагын 50 орчим хувийг л үр бүтээлтэй ашигладаг болохыг тогтоосон байна. Үлдсэн 50 хувийг нь ажлыг завсарлага, бензин авах, машинаа угаах, ажлын багажаа бэлдэх зэрэгт зарцуулдаг байна. Энэ судалгаанд үндэслэн тухайн үед Нью Йорк хотын захирагч байсан Линдсэй хог зайлуулах ажлыг хувийн компаниар хийлгэн туршиж үзсэн нь гайхалтай үр дүн авчирчээ. Нью Йорк хотын аж ахуй, үйлчилгээний газар нэг тонн хогыг 49 доллараар зайлуулж байсан бол хувийн компани 17 доллараар зайлуулж байжээ. Үүнээс үүдэн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагад судалгаа хийж, уг судалгаагаар монополь орчинд ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагуудын зардал яг адил үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагаас 35-аас 95 хувь хүртэл илүү болохыг тогтоосон байна.
2. Өрсөлдөөн үйлчлүүлэгчдийн хэрэгцээг илүү ихээр хангадаг. Air New Zealand хэдийгээр төрийн өмчит байгууллага боловч гадаад нислэгийн үйлчилгээ нь чанартай, шуурхай, үйлчлүүлэгчдийг эрхэмлэсэн, хямд зэрэг олон сайн талтай. Гэсэн хэдий ч орон нутгийн нислэгийн үйлчилгээ маш муу. Үйлчлүүлэгчид ачаагаа авах гэж 30, 40 минут хүлээх нь хэвийн үзэгдэл, тийзний үнэ нь өндөр, нислэгийн үеэр өгдөг зууш нь төдийлөн сайн биш. Гадаад нислэг үйлдэх зөвшөөрлийг Pan Am, Quantas, British Airways зэрэг олон нислэгийн компани эзэмшидэгээс үүдэн өрсөлдөөн үүсч, үйлчилгээ ч тэр хэрээр сайжирсан байсан бол орон нутгийн нислэгийн хувьд ганцхан Air New Zealand нислэг үйлддэг, монополь учраас үйлчилгээ нь тун тааруу байжээ. Үүний улмаас орон нутгийн нислэг үйлдэх зөвшөөрлийг хэд хэдэн компанид нэмж олгосоноор орон нутгийн нислэгийн чанар сайжирч, үнэ нь буурсан байна.
3. Өрсөлдөөн хөгжил, дэвшилд хүргэдэг. Монополь нь нэг ёсондоо байгалийн шалгаралыг үгүй болгодог юм. “Хүч чадалтай нь амь гардаг” гэсэн байгалийн хуулийг үйлчилгээний салбарт “сайн, чанартай, хямд үйлчилгээтэй нь бизнест үлддэг” гэж буулгах болов уу. Чанаргүй, үнэтэй үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд аяндаа дампуурах эсвэл үйлчилгээгээ сайжруулж, бусадтай өрсөлдөх гэсэн хоёр замын аль нэгийг сонгох болдог.
Өрсөлдөөн гэдгийг зөвхөн хувийн секторт хамааруулан ойлгон, үүнийхээ улмаас төрийн үйлчилгээний байгууллагуудыг монополь орчинд ажиллуулж, төрийн үйлчилгээг үр ашиггүй, чанаргүй, удаан, хүнд сурталтай болгох эхлэлийг тавьж байна. Орцны үүдэнд хог овоорч, өмхий үнэртдэгийг, хотын гудамжаар гялгар уут хийсч, хөл гарт орооцолддогыг, харанхуй гудамжаар тэмтчин явж, траншаанд унадагыг, дүүргийн харъяалалаас болж хүүхдээ эрүүл ахуй болон боловсролын наад захын шаардага хангахгүй сургуульд явуулдагыг өөрчлөх боломж бидэнд байна. Төрийн үйлчилгээний салбарт өрсөлдөөн эхлүүлье!

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: