Ёс суртахуунт хүн Б.Батчулуун, Хуульжсан хүн Х.Тэмүүжин нарт

2006 оны 9 сард философийн доктор Б.Батчулууны “Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн” гэсэн гарчигтай нийтлэл Ардын Эрх сонин дээр гарсан байсныг уншиж байсан юм. Үүнээс жил гарангын дараа буюу 2007 оны 10 сард судлаач Х.Тэмүүжин уг нийтлэлийн “хариу” болгож “Хуульжсан хүнийг өмөөрөх нь” гэсэн нийтлэл бичсэн байхыг бас уншлаа.

“Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн” гэсэн Ф.Бастиагийн үгээр эхэлсэн Б.Батчулууны нийтлэл “Хүн ёс суртахууны амьтан уу эсвэл хуулийн амьтан уу?” гэсэн асуултад хариу өгөхийг оролджээ. Либертари үзлийн үүднээс хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг. Ер нь л “laissezfaire'’-ийн эсрэг зүйл хэмээн Б.Батчуулуун бичжээ. Тийм ч учраас Хууль бол ухаантай, ухамсартай, ёс суртахуунтай хүний хувьд зүгээр л нэг “чөдөр”, баглаас төдий зүйл. Эдийн засгийн аяндаа бий болсон журам дэглэмд (spontaneous order-д) хөндлөнгөөс оролцож, журамлаж “дэглэхийг” оролдож, хошуугаа дүрж байдаг хэмээн үргэлжлүүлсэн байна. Иймдээ ч тэрээр нийгэмд хууль ёс биш, зүй ёс ноёрхох ёстой гэж дүгнэсэн байх. … Ёс суртахуун гэдэг бол хүн ёс юм. Хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн.  Ёс суртахуун бол жинхэнэ хууль. Хуулийн хамгийн муу тал нь хүмүүс түүнийг зохиодогт оршино. Жинхэнэ хууль (ёс суртахуун)-ыг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог. Ёс суртахуунтай хүн хэзээ ч хууль бус зүйл хийдэггүй … гэх зэргээр бичсэн нь бас л түүний нийтлэлийн нэгэн хэсэг.  

Хуульчдын хувьд хууль нь Үндсэн хуулинд таарч байвал хууль болдог бол бидний хувьд тэр нь ёс суртахуунд зөрчилдөхгүй байж сая хууль болно. Эцэст нь давтан хэлэхэд, хуулиас дээгүүрх хууль гэдэг бол ёс суртахуун юм (жинхэнэ хууль бол ёс суртахуун) гэсэн дүгнэлтээр Б.Батчулуун нийтлэлээ төгсгөсөн байна.

Х.Тэмүүжин хариуд нь Б.Батчулууны суралцаж хүн болсон он жилүүд нь нэг үзэл, нэг хувь хүнийг шүтэх суртал дунд өнгөрч, мэдлэг гэдэг хүний сонголт гэхээс тулган хүлээлгэдэг ойлгоц дотор байсан юм чинь Батчулуун одоо орчин цагийн юм ойлгохоо больсон, тэгээд ч нийтлэлдээ "формаль логик"-ыг туйлчлан үзсэн байна хэмээн шүүмжилжээ.

Яг үнэнийг хэлэхэд анархи байдлаар хэвийн амьдарна гэдэг тухайд би философичдоос илүүг даанч мэдэхгүй юм. Тэгээд энэ зарчим нь бүх хүнд ёс суртахууны тусламжтайгаар бэхжинэ гэдэг бүр ч ойлгомжгүй санагдаж байна. Чөлөөт нийгмийг бий болгож, чөлөөт чигээр нь байлгахын тулд бодит зарчмууд дээр үндэслэгдсэн тун нарийн төвөгтэй ч эрх чөлөөнд хамгийн ойр байж чадах, гэхдээ ямарваа түшмэлийн дур зорго, хувь хүний ёс суртахууны адайрлаас хамаардаггүй, дарангуйллыг төрүүлэх ганц ч нүх сүвгүй хуулийн тогтолцоо нэн хэрэгтэй. Чухамхүү ийм шалтгаанаар төрийн үйлдэл хатуу тодорхойлогдсон, нэг бүрчлэн илэрхийлэгдсэн, чанд хязгаарлагдсан байх шаардлагатай болдог. Товчхондоо төр өөрийн гэсэн хүсэл зориггүй эрх чөлөөний "манаач" байх ёстой ба тэр манаачийг эрх чөлөөт хүмүүс хуулиар л манаж чадна гэсэн хариуг Х.Тэмүүжин Б.Батчулуунд барьжээ.

Би яагаад энэ нэг нийтлэл бичих гээд л өмнө нь хүний бичсэн баахан зүйлс иш татаад  байна вэ гэвэл дээрх доктор, судлаач хоёрыг учиртай маргалд, худал зүйл бүү ярь гэж хэлэх гэсэнд байгаа юм.

Ёс суртахуунт хүн Б.Батчулуунд

Либератари үзэл нь сонгодог болон орчин үеийн гэсэн хоёр хэлбэртэй байх агаад хоорондоо бас ч үгүй нэлээд ялгаатай. Сонгодог либертари үзэл нь хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг, “laissezfaire'’-ийн эсрэг зүйл хэмээн үздэг нь үнэн боловч төр, хууль журам заавал байх хэрэгтэй гэдгийг үгүйсгэдэггүй. Иймээс ч төрийг “хэрэгтэй чөтгөр” гэж үздэг байх. Орчин үеийн либертари үзэл нь төр, түүний хуулийг бүхэлд нь үгүйсгэдэггүй бөгөөд Төр зөвхөн шаардлагатай тохиолдолд л бусдын хэрэгт оролцож болно хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл төрийн оролцох, эс оролцох асуудлыг ялгаж, салгах хэрэгтэй хэмээн үздэг. Эрх чөлөө гэсэн ойлголтыг ч мөн адил өөр өөрөөр тайлбарладаг бөгөөд орчин үеийн либертари үзлийн үүднээс эрх чөлөө гэдэг нь хууль, журмаас ангид, төрөөс тусгаар байна гэсэн үг биш бөгөөд эрх чөлөө гэдгийг хүн хөгжин дэвших, боловсрох боломжтой байхтай холбон ойлгодог. Түүнчлэн бусдаас тусгаар, захирагдахгүй байх нь либертари үзлийн нэг элемент мөн боловч хүн бүр тэгш эрхтэй байх, бусдын эрхийг хүндэтгэх зэрэг либертари үзлийн бусад элементүүд нь хүмүүс өөр хоорондоо хамааралтай байх, хамтран ажиллах механизмыг бүрдүүлдэг. Иймд либертари үзүлийн үүднээс хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг, “laissezfaire'’-ийн эсрэг зүйл хэмээн хэт туйлширч, уншигчдад буруу мэдээлэл түгээж болохгүй.

Ёс суртахуун гэдэг бол хүн ёс юм. Хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн.  Ёс суртахуун бол жинхэнэ хууль. Жинхэнэ хууль (ёс суртахуун)-ыг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог… гэх зэрэг нь ч мөн адил уншигчдыг төөрөгдүүлж байгаа явдал юм. Ёс суртахуун бидэнд хэрхэн амьдрах ямар зүйл хийж болох, болохгүйг, ямар зорилготой байх хэрэгтэй  зэргээ ойлгоход тусладаг нь үнэн. Түүнчлэн ёс зүйн олон онол байдаг гэдгийг дурьдалгүй өнгөрч болохгүй. Тэр битгий хэл хоорондоо яг таг эсрэгцдэг ёс зүйн онолууд ч бий.  Б.Батчулууны бичсэнээр бол ёс зүйн цорын ганц онол байдаг бөгөөд тэрхүү онолыг бурхан эсвэл байгаль зохиосон учраас ямар ч тохиолдолд үнэн байдаг гэж ойлгогдохоор байна. Б.Батчулууны нийтлэлдээ дүрсэлсэн ёс зүйн онол байдаг бөгөөд түүнийг ёс зүйн идеализмийн онол гэнэ. Өөрөөр Deontology эсвэл non-consequentialism гэж нэрлэх нь байдаг. Энэхүү онолын үндэсийг Иммануэл Кант тавьсан гэж үздэг бөгөөд уг онолын үүднээс бол ямарваа нэгэн үйлдлээс гарах үр дүнг бус уг үйлдлийн сэдлийг чухалчлан үздэг. Энэхүү онолыг шашны сургааль, номлолоос үүссэн хэмээн үздэг тал бий. Бурханы хууль, байгалийн хууль байх бөгөөд эдгээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл ямар ч тохиолдолд зөв, хориглогдсон үйлдлийг ямар ч тохиолдолд хийж болохгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүн алах нь ёс суртахуунгүйн дээр бурхан хориглодог учраас ямар ч тохиолдолд хүний амь хохироож үл болно гэж номлодог.

Энэ онолоос бараг эсрэг зүйл номлодог ёс зүйн онол байх агаад түүнийг прагматизм гэж нэрлэдэг. Өөрөөр utilitarian эсвэл consequentialism гэж нэрлэх нь бий. Уг онолын үндсийг Жерами Бентам тавьсан гэж үздэг бөгөөд энэ онол нь олонхийн санаа бодол, ашиг сонирхол, амгалан тайван байдлыг чухалчлан үзнэ. Энэ онолыг ганц өгүүлбэрээр “хамгийн олон хүнийг аж жаргалтай байлгах” хэмээн тодорхойлдог. Өөрөөр хэлбэл уг онол нь аливаа үйлдлийн сэдлийг бус тухайн үйлдлээс гарах үр дүнг чухалчлан үздэг. Нэг ёсондоо энэ онолын үүднээс 2 хүн аврахын тулд 1 хүний амь хохироох нь ёс суртахуунгүй зүйл огтхон ч биш бол ёс зүйн идеалист онолын үүднээс хүний амь хохироосон л бол ямар ч тохиолдолд ёс суртахуунгүй байгаа хэрэг юм. Энэхүү 2 онолын аль нэгийг нь зөв хэмээн үнэлэх ямар ч боломжгүй бөгөөд аль аль нь давуу болон дутагдалтай талтай.

Спинозагийн, Батлерын, Сидвикийн зэрэг үндэслэгчдийнхээ нэрээр нэрлэгдснээс гадна абсолютизм, сабжективизм, детерминизм, эмотивизм зэрэг нийтэд төдийлөн хүлээн зөвшөөрөгдөөгүй ёс зүйн онолууд ч буй. Эдгээр онолуудын талаар бичвэл үндсэн сэдвээсээ хазайхын зэрэгцээ нийтлэл маань хэт урт болчих учраас ёс зүйн онолын талаар бичихээ ингээд зосооё.

Ёс зүйн олон онол байдаг бөгөөд зарим нь хоорондоо эсрэгцдэгийг дээрх жишээгээр тайлбарласан шалтгаан бол Б.Батчулууны бичсэнчлэн: Ёс суртахуун бол жинхэнэ хууль. Жинхэнэ хууль (ёс суртахуун)-ыг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог…гэх зэргээр уншигчдад буруу ойлголт төрүүлснийг залруулахад байгаа юм. Өөрөөр хэлбэл Б.Батчулуун Та доктор зэрэгтэй хэдий ч өөрийн мэддэг ганц онолоо бусдад тулгах, бусдын ямар онолд итгэхийг заах эрх байхгүй.

Хуульæсан хүн Х.Тэмүүжинд

Бусдыг хоцрогдсон цаг үед суралцаж, хүн болсон гэх зэргээр бичдэг хүн өөрөө хоцрогдоогүй, бичиж байгаа зүйлийнхээ талаар мэддэг байх ёстой. Б.Батчулуун ёс зүйн нэг онолыг Таны нэрлэсэнээр “формаль логик”-ыг туйлчлан бичсэн болохоос ёс зүйн бүх онол “формаль логик”-т үндэслэдэггүй гэдгийг гэдгийг мэдэж байх ёстой. “Хувьсах логик” ёс зүйн зарим онолд чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн ойлголттой байх хэрэгтэй.

Анархи гэдгийн Та яаж ойлгодог юм би мэдэхгүй юм. Б.Батчулуун нийтлэлдээ анархи гэхээр зүйл бичээгүй байтал түүнд анархи байдлаар хэвийн амьдарна гэж байхгүй хэмээн анхааруулжээ. Анархи гэдгийг би ямар нэгэн хууль, дүрэм журамгүй, ёс зүйн хэм, хэмжээгүй нийгэмд хувь хүмүүс өөрийн ашиг сонирхолыг урьтал болгон, бусадтай эрх ашгийн үүднээс хамтран ажиллаж, амьдарна гэсэн үзэл гэж ойлгодог. Б.Батчулууны нийтлэлийг Ардын эрх сонин хэвлэхдээ зарим хэсгийг нь хасчихаагүй л бол Б.Батчулуун анархи зарчим ёс суртахууны тусламжтайгаар бэхжинэ гэдэг санаа огтхон ч гаргаагүй байлтай. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг бичээгүй зүйлийнх нь төлөө буруушааж огтхон ч болохгүй.

Тэмүүжин түүнчлэн:

Хуулийг хууль шиг байлгахын тулд зохиомол, хиймэл дүрэмдэлтээс илүү амьдралын үнэн, иргэний ухаалаг байдлыг олж харах их чухал. Төрийн жинхэнэ үүргийг хүн төрөлхтөн саяханаас мэдэж авсан билээ. Энэ бол тун саяхны, ердөө л 300 хүрэхгүй жилийн өмнөх амжилт бөгөөд үүний төлөө бид "нийгмийн гэрээний онол"-ыг боловсруулагчид болон Америкийн Үндсэн хуулийн "эцгүүдэд" баярлах учиртай. Тэд чөлөөт нийгмийн зарчим, мөн чанарыг тодорхойлоод зогсохгүй, басхүү амьдралд хэрхэн хэрэгжүүлэх аргыг боловсруулсан…

хэмээн бичихдээ “нийгмийн гэрээний онол”-ыг боловсруулагчид, АНУ-ын Үндсэн хуулийг зохиогчдыг хаанаас ч юм гэв гэнэт шинэ санаа олоод,  онол боловсруулаад л, үндсэн хууль зохиосон юм биш л дээ. Нийгмийн шинжлэх ухаанд тийм зүйл тун ховор. Эдгээр хүмүүс бол ёс зүйн онол, ёс суртахууны талаар гүнзгий мэдлэгтэй, хүн ямар байх ёстой, юунд захирагдах, эс захирагдах ёстойг ухамсарласан байсан учраас л дээрх баримт бичгүүдийг зохиосон юм. Ёс зүйн зохих онолд тулгуурлаагүй, ёс суртахууны хэм, хэмжээг анхаарч үзээгүй хууль л хууль биш гууль болдог. Таны хэлээд байгаа амьдралын үнэн, иргэний ухаалаг байдал гэдгийн чинь үндэс, суурь нь ёс зүй мөнөөсөө мөн. Ёс зүйгүй бодит байдал, иргэний ухаалаг байдал гэж ч байдаггүй. Байж болох ганцхан тохиолдолд нь Б.Батчулуун, Та хоёр шиг ёс зүй гэдгийг зөвхөн ёс зүйн идеализмын онолын хүрээнд ойлгосон хүмүүст л байдаг байх.

Чөлөөт нийгмийг бий болгож, чөлөөт чигээр нь байлгахын тулд бодит зарчмууд дээр үндэслэгдсэн тун нарийн төвөгтэй ч эрх чөлөөнд хамгийн ойр байж чадах, гэхдээ ямарваа түшмэлийн дур зорго, хувь хүний ёс суртахууны адайрлаас хамаардаггүй, дарангуйллыг төрүүлэх ганц ч нүх сүвгүй хуулийн тогтолцоо нэн хэрэгтэй. Чухамхүү ийм шалтгаанаар төрийн үйлдэл хатуу тодорхойлогдсон, нэг бүрчлэн илэрхийлэгдсэн, чанд хязгаарлагдсан байх шаардлагатай болдог. Товчхондоо төр өөрийн гэсэн хүсэл зориггүй эрх чөлөөний "манаач" байх ёстой ба тэр манаачийг эрх чөлөөт хүмүүс хуулиар л манаж чадна (Х.Тэмүүжиний нийтлэлээс иш татав) гэсэн ойлголт системийн хандалага (systems approach) гэсэн үгийг сонсоогүй, хуулийг бодлого гэж боддог, бодлого хэрэгжүүлэх ганцхан хэрэгсэл байдаг гэж ойлгодог (Жиш: зөвхөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд өргөн ашиглагддаг 64 хэрэгсэлийн НЭГ нь хууль юм), нийгмийн бүхий л харилцааг хуулиар зохицуулах гэнэн хүсэлтэй, нийгэм хөгжиж, өөрчлөгдөхийн хэрээр төрийн зарим үүрэг байнга өөрчлөгддөг гэдгийг мэддэггүй, ёс зүйг амьдралын бодит үнэн гэж ойлгодоггүй хуульч хүнд л байх.

Эцэст нь:

Энд бичсэн зүйлээр хэн нэгнийг муулах, гоочлох зорилго агуулсангүй. Бичсэнийг нь хүмүүс уншдаг, ярисаныг нь хүмүүс сонсдог хоёр судлаач үнэнээс зөрүү зүйл бичиж, онолдож, уншигчдад буруу ойлголт төрүүлээд байхыг зүгээр хараад суух ёс суртахуун надад алга. Дээрээс нь ширээн дээр байгаа зарим ном тэр хоёрт гүтгүүлчихсэн болохоороо урвайгаад хэрэг алга.

Ёс зүй, ёс суртахуун нь бидэнд хэрхэн амьдрах, ямар зорилготой байх, юуг эрхэмлэх зэргийг ойлгоход тусалдаг бол хууль нь биднийг тэрхүү хүсээд байгаа зорилгодоо хүрэхэд тусалдаг, үнэт зүйлс, эрхэм зорилгоо хамгаалах боломж олгодог олон багаж, хэрэгсэлүүдийн нэг юм. Өөрөөр хэлбэл Ёс зүйт төрийг төлөвшүүлэхэд, ёс зүйт нийгмийг байгуулахад ёс зүйд үндэслэсэн хууль хэрэгтэй. Иймд ёс зүй, хууль хоёрыг хэн ч, хэзээ ч салгаж чадахгүй байх. Тэр тусмаа Б.Батчуулуун, Х.Тэмүүжин хоёрын хэт туйлширсан маргаан бол бүр ч чадахгүй.



Сэтгэгдэлүүд:

1. bubee | 2007-11-06 19:25:27
hooe, ug ni ih sonirholtoi bichleg bhiin. Daanch ene font chini hereg algaa.

Font ni tanigdsan hesguudiig ni unshlaa, ih taalagdjiina. Busdiig ni bs neg tsegtseleed ayataihan bolgoodoh teh uu, Unshmaar bn.
2. Reformist (зочин) | 2007-11-07 09:25:29
font ni bolohgui baigaag chamaas medlee. Bayarlalaa. Manai endees zugeer baihaar ni bolood l baigaa yum bolov uu gej bodoj baisan yum. Uur font-r oruulchihaya.
3. zochin (зочин) | 2007-11-08 18:18:02
hehe yostoi gurwaljin durwuljin margaan bolohnee. Ineedtei yumaa. Yaahav deerh niitleliig unshlaa. Unendee ene hun hoyor sudlaachiin niitleliig zuw oilgoj unshsan gedegt ergelzej bn. Uuriinh n ene shuumj niitlel n ch gesen ih l undeslel muutai yadmag bichleg sanagdlaa.
4. Tji (зочин) | 2007-11-11 16:22:40
Hi, нийтлэлд минь шүүмж өгсөнд талархлаа. Миний ойлгосноор чи бодлого сонирхож засаглалын чиглэлээр сурдаг эсвэл ажил хийдэг бололтой. Бас ёс зүйн онолын урсгалыг илүү академик байдлаар тайлбарлах чадвартай юм шиг байна.
Чиний засаглалтай холбоотой бичлэгүүд чинь таалагдлаа. Парадигмын өөрчлөлтүүдийг 10-2О жилээр хэмжиж өөрийгөө шинэ мэдээлэлтэй илүү орчин үеийн гэж тоодог зан чинь бас таалагдаж байна. Гэхдээ энэ бичлэгийн надад зориулсан хэсэг миний зорьж бичсэн зүйлээс өөр үндэслэлүүдрүү хөвөрсөнд жаахан харамсаж байна. Бодит шүүмжлэл хүнийг хөгжхөд тусалдаг болохоор би өөртөө хаяглагдсан шүүмжүүдийг унших дуртай.
"системийн хандалага (systems approach) гэсэн үгийг сонсоогүй, хуулийг бодлого гэж боддог, бодлого хэрэгжүүлэх ганцхан хэрэгсэл байдаг гэж ойлгодог (Жиш: зөвхөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд өргөн ашиглагддаг 64 хэрэгсэлийн НЭГ нь хууль юм), нийгмийн бүхий л харилцааг хуулиар зохицуулах гэнэн хүсэлтэй, нийгэм хөгжиж, өөрчлөгдөхийн хэрээр төрийн зарим үүрэг байнга өөрчлөгддөг гэдгийг мэддэггүй, ёс зүйг амьдралын бодит үнэн гэж ойлгодоггүй хуульч хүнд" гэсэн чиний дүгнэлт гайхлыг минь төрүүлж байна шүү. Би уул нь хууль ёс зүй хоёрыг өөр хооронд нь сөргүүлээд аль нэг нь байх мэт үзэх явдлыг шүүмжилж, ёс зүй ч тэр хууль ч тэр өөр өөрийн гүйцэтгэх үүргтэй тухайд бичих гэж оролдсон юм. магадгүй санаагаа бүрэн илэрхийлж бичих авъяас бага байсан учир бүрхэг гарсан байж болох юм. Нөгөө талаас бүх асуудлыг хуулиар шийддэг гэж андуурдаг легалист би биш л дээ. Миний нийтлэл Батчулуун багшийн 3 нийтлэл, бас бус ярилцлагуудад зориулагдсан байсан болохоор чи нэг нийтлэлийх нь хаанаас анирхизмын тухай гараад ирэв гээд гайхаж байх шиг байна. Тэр талаар нийтлэлдээ дэлгэрэнгүй бичээгүйдээ хүлцэл өчий.

Чи бодлогын чиглэлээр судалгаа хийдэг, засагллын шинэтгэл сонирходог бол харилцан хамтран ажиллах сонирхолтой байна. Манай Нээлттэй Академи гэдэг төрийн бус байгууллага энэ чиглэлээр судалгаа хийж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг юм. Майл хаяг руу минь захиа бичээрээ. Хүндэтгэсэн Х.Тэмүүжин.
5. AD | 2007-11-14 17:44:46
Хэн нэгнийг нөхөрсөг шүүмжлэх, алдааг нь хэлэх нь сайн тал. Гэхдээ асуудал та нарын хооронд бус өрөөл бусадад хамгийн их байгаа гэдгийг мартаж болохгүй. Өнөөдрийн мөрдөж байгаа бүх хуулиудад байгаа гажгийг эмчилж, иргэнд, иргэний нийгэмд зориулсан, иргэнд үйлчилдэг хуулийн орчинтой болоход өнөөдрийн байдлыг зөв өнцгөөс харж байгаа хүмүүсийн оролцоо нэн чухал шүү. түүнээс биш хэн нэгнээсээ давах гэж мэтгэлцээд хэрэггүй л болов уу.

Би ч гэсэн чамайг шүүмжлээд: Тэмүүжинг хий цаашлуулахдаа түүний "Америкын үндсэн хуулийн эцгүүдэд баярлах ёстой" гэснийг “нийгмийн гэрээний онол”-ыг боловсруулагчид, АНУ-ын Үндсэн хуулийг зохиогчдыг хаанаас ч юм гэв гэнэт шинэ санаа олоод гэх байдлаар үндсэн хуулийг зохиосон гэж хэлсэн болгож хүчлэх гээд байгааг чинь бас буруутгах юм болно шүү дээ. Тэгэхээр засах залруулах зүйлс бидний үг хэллэг байх нь элбэг хэдий ч түүнийг хууль болгон буулгахад энэ алдааг давтахгүй байхад л анхаарая.
6. Misanthrope (зочин) | 2009-03-20 09:50:57
Manai hed ch 1 1nee budaa bolgojiiga haragdhiimdaa ! gehde yaay gehew de ! Hen 1nd ta ch bas vzel bodloo tulgamaar sanagdaad, ene 2 sudlaachaa esergvvtseh maygaaar ilerhiilsen l yum shig bh yum. "Philosopy" ch ooroo tiimerhvv
vzel bodliin margaldaan, zoroldoon bdag hoino. Nadaa uurlah hereggvi shvv manaihaan ! bi ch gesen vzel bodol zohiogood vvniige sain "PR" hiij tailbarlaad l 1 tomoohon nurshtsan nom gargachij chadiishde! Tiim biz dee ? Tvvndee 1 saihan Svrtei urt ner Grek toli bichgees harj bgaad ********isma ch gehiimvv te ?
Bvr bolohgvi bol "Narutrisma" gesen ch yadgiin ! Hiiswer ch gesen bagachuud maani 1 horwoog vzeh vzeltei bolj ch boliishdee ! Er n hvn bvr l oor ooriin gesen vzel bodoltoi tusdaa tom Philosophy-toi shdee ! Vvniig bid ch Sain medej bgaa bh ! Hvmvvs bvgd l dahin dawtagdashgvi !

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.