How Much Government or What Kind of Government?

Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр амь зуудаг гэдгийг бид мэднэ. Өөрөөр хэлбэл Засгийн газар биднээс татвар авч оронд нь боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн халамжийн гэх мэт үйлчилгээг бидэнд үзүүлдэг.


Бид мэдээжийн хэрэг зовж байж олсон орлогоосоо татвар нэрийн дор дийлэнхийг нь өгөөд байхыг хүсдэггүй тул Засгийн газраас татварын хэмжээг бууруулахыг үргэлж шаардаж байдаг.


Бидний  энэ шаардлагад төрийн эрх барьж буй улс төрчид:


-         Татвар бууруулах аваас Төр мөнгөгүйдэж төрөөс үзүүлэх үйлчилгээний хэмжээ багасна. Эсвэл  чанар нь муудна гэсэн үг хэмээн хариулдаг.


Бид хариуд нь төрийн зарим үйлчилгээ бидний сэтгэлд хүрэхгүй байна. Үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах хэрэгтэй хэмээн төрөөс шаарддаг. Татвараа төлсөн бид ингэж шаардах нь зүй ёсны хэрэг юм.


Бидний энэ шаардлагад төрийн эрх барьж буй улс төрчид:


-         Биднээс одоо авч байгаа татвараар одоо байгаа хэрийн үйлчилгээг л үзүүлэх боломжтой. Илүү чанартай үйлчилгээ хүсч байвал татвар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн хариу өгдөг.


Мэдээжийн хэрэг муу сургуульд суралцахыг, шороон замаар явж машинаа эвдэхийг хүсэхгүй, түргэн тусламж дуудчихаад таван цаг хүлээхийг хэн ч хүсэхгүй. Гэхдээ бас зовж байж олсон мөнгөө дийлэнхийг нь татварт өгөхийг хүсэхгүй.


Зарим нэг улс төрийн хүчин дээрх асуудлыг шийдэх мэргэн арга олсон нь яамд, тамгийн газрыг нэгтгэж тоог нь цөөлөх, төрийн албан хаагчдыг цомхотгох замаар төрийн зардлыг багасгах байв. Хэмнэсэн зардлаа төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулна хэмээн мөрөөдөж байлаа. МАХН, АН зэрэг улс төрийн намууд төрийн албыг цомхон, чадварлаг болгох талаар байнга л ярьж зарим тохиолдолд зарим яам, тамгын газрыг нэгтгэн, ажилтнуудынх нь тоог цөөлж байсан хэдий ч зардал хэмнэж гавиагүй, төрийн үйлчилгээг сайжруулж дөнгөөгүй гэдгийг бид сайн мэдэж байгаа.


Өөр ямар арга зам байна вэ?


Огт хэрэгцээгүй дүрэм, журам батлан гаргаж, тэдгээрийгээ мөрдсөнөөр, хэвлэх огтхон ч шаардлагагүй байсан мягт бөглөж хадгаласанаар, утсаар амжуулж болох ажлыг биеэр очиж гүйцэтгэсэнээр, дээд газрын шийдвэрийг хүлээж цаг алдсанаар хэдий хэмжээний зардал гаргаж байгааг тооцож үзвэл нэлээд тоо гарах болов уу.


1980-аад оны эхээр АНУ-ын Батлан хамгаалах яам жилд 100 тэрбум долларыг дээр дурдсан хэрэгцээгүй зүйлийн улмаас зарлагадаж байсныг тооцож гаргасан байна.


Өөрөөр хэлбэл бид засгийн газрын зардлыг бууруулахын тулд бүтцийг өөрчилж, ажилтнуудынх нь тоог цөөлөхөөс илүүтэйгээр үйл ажиллагааны зарчим, арга барилыг өөрчлөх хэрэгтэй юм.


Өмнөх нийтлэлд дурдсанчлан одоогийн засгийн газрын зардлаа бууруулах талаар явуулж буй бодлого нь жингээ хасахын тулд бага идэж, их дасгал хийх ёстой атал хөл, гарынхаа хурууг тайрч хаяж байгаа тарган хүнтэй адил харагдаж байна.


Зардал бууруулах энэ туршлага нь шинэ зүйл огт биш бөгөөд олон улс гүрнүүд туршиж амжилттай болохыг нь нотолсон хэдий ч манай эрх баригчид дараагийн сонгууль, дараагийн албан тушаал, дараагийнхаа луйврын талаар бодоод сонсох, үзэх, мэдэх ч завгүй явна. Эдийн засагч Жон Майняардын “Шинэ, соргог санаа олохоос хуучин зуршлаасаа салах нь хэцүү” хэмээн хэлсэн нь манайд бодитоор биелэлээ олж байна. 


Засгийн газрын зарлага хэт их байгаагийн шалтгаан бол түүний бүтэц нүсэр, ажиллагсад нь чадавхигүйд байгаагаас илүүтэйгээр Засгийн газар, төрийн байгууллагуудын ажлын зарчим,  арга барил буруу байгаад юм. Иймд яам, тамгын газрын тоог цөөлж, хэдэн зуун хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх хэрэггүй.  Харин төрийн албаны үйл ажиллагааны зарчим, арга барилыг өөрчлөх нь зүйтэй.


“Засаглал” гэдгийг хамтын хүчээр асуудлыг шийдэж, нийгмийн хэрэгцээг хангах процесс, “Засгийн газар”-ыг засаглалыг хэрэгжүүлэх хэрэгсэл гэж ойлгох аваас МУ-ын ашиглаж буй хэрэгсэл хоцрогдож, шинчлэх цаг нь аль хэдийн болжээ.

 (Засгийн газар, төрийн байгууллагын ажлын зарчим, арга барилыг хэрхэн өөрчлөх талаар дараа дараагийн нийтлэлд тодорхой бичих болно.)

Сэтгэгдэлүүд:

1. AD | 2007-11-14 11:34:54
Яг зөв. Төр бол иргэддээ үйлчлэх байгууллага, бидэнд сайн үйлчил гэж арай дөнгүүрийг нь сонгодог. Гэтэд нөгөө гар төрд гарангуутаа үйлчлэх үүргээ мартаад зангианы цаагуур нуугдсан цагаан гартан болон хувирч, заль мэх хэрэглэн манийгаа хуурдаг. Нөгөө аям тамгын газарт байгаа дарга нар нь өөрийгөө арай их хариуцлага үүрсэн үйлчилгээний ажилтан гэж бодохыг ч хүсдэггүй. Уг нь бусдаасаа арай их эрдэм ном үзсэн, туршлагатай, хариуцлагатай боохоор нь илүү ачаалалтай бас хариуцлагатай хэсэгт нь хувиарласан юм гэдгийг ухаарахгүйгээр барахгүй бүр хааны шадар түшмэлийн дүрд тоглож явдал удааширч, уруул ярвайж, бага ажиллаж бусдад үүрүүлж, хүнд суртлын хар лантуу болдоод байна. Яахаараа ийм буруу ишилсэн сүх шиг юмнууд болдог байна аа.
2. AD | 2007-11-14 11:35:58
Сүхийг буруу ишлэвэл түүгээр түлээ хагалах нэгэнт өнгөрнө. Тэгээд зөв ишилсэн ганц нэгийг нь талхиж, талхиж нугасаар тас татаад дахиад нэгийг авах гэтэл нөгөөх нь буруу ишлүүлэхийг хүснэ.
3. bubee | 2007-11-29 14:58:08
тэгээрай хѳ. Гэхдээ бас иймэрхүү юм их унших хүнд юмаа, тэ.

Сүүлдээ ойлгохоо больжийшд. Ѳгүүлбэр ѳгүүлбэрээр нь үгчилж уншихаас.
4. Chucko | 2007-12-13 11:50:41
ЗГ аль болохоор цомхон зардал багатай бгаасай даа гж би залбирдаг юмоо.Санал нгтэй бна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.