2007-10-28 17:39:39
МУ-н Засгийн газар нэг л тарган хүнтэй адил санагдаад байгаа юм. Иймд турах талаар зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
МУЗГ гуайн биеийн байдал
Дотоодын нийт бүтээгдэхүүний нэлээдгүйтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг хоол болгоод залгичихдаг, бүтэц нь болох гар, хөл, хуруу (төрийн байгууллагууд) нь хүртэл өөхөлчихсөн болохоор л тарган гээд байгаа юм. Гэхдээ авууштай тал нь жингээ хасах талаар сүүлийн арав гаран жилийн турш ярьж байгаа. Дасгалжуулагчдынх нь хэлж байгаагаар бол “төрийн албаны шинэтгэл” гэдэг орчин үеийн дасгал хийх замаар жингээ хасна гэж байгаа. Жин хасах тал дээр ерөнхий дасгалжуулагч МАХН, туслах дасгалжуулагч АН гэсэн хоёр дасгалжуулагч өдөр шөнөгүй ажиллаж байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй л байна. Тус тусдаа хэлэлцлээ. Хамтарж ч үзлээ. Хөнгөхөн хувцас өмсүүлж үзэв. Гар, хөл, хурууны байрыг нь сольж үзэв. Гар, хөл хоёрыг нийлүүлж үзэв. Хоёр, гурван хурууг нэгтгэж бас үзэв. Заримдаа бүүр гар, хурууг тайрч үзлээ. Нэмэр байдаггүй ээ. Хөлийг гартай нийлүүлчихээр догонцоод явж чадахгүйн дээр барьж яваа юмаа алдаж унагаад байх юм. Хэдэн хурууг нийлүүлчихээр хэрэлдээд салахгүйн дээр бие биенээ хараад хөдөлж өгөхгүй юм. Гар, хөл, зарим хурууг хэрэггүй байж магад гэж бодоод тайрч үзсэн жаахан жин хассан боловч, ажил цалгардаад бүр баларсан.
Зарим нэг улсууд (зарим орны засгийн газар) бүх эрхтэн нь бүрэн, байх ёстой байрандаа, тэр битгий хэл хэдэн давхар хувцас өмсчихсөн атлаа хээв нэг гүйгээд л, ажил төрлөө амжуулаад л дарга нараараа (иргэд) магтуулаад байх нь хичнээн атаархууштай. Уул нь тэд яг л адилхан дасгал хийгээд байгаа юм шиг. Гэтэл МУЗГ би яаж байна? Дарга нар намайг нэг нүдээр үзэхээ болилоо. Юм л бол шүүмжилж, ажлаа хийж чадахгүй, арчаагүй дорой амьтан гэх боллоо. Зарим нь бүүр намайг байхгүй байсан нь дээр гэж байна.
Бодоод байхнээ энэ хоёр дасгалжуулагч л намайг ганц аллаа. Одоо л сайхан болно гэж хичнээн амлав. Бүгд худал. Энэ хоёр уул нь миний буянаар нэлээдгүй баяжсан, өчнөөн жил идэх хоолтой, орох оронтой явсан даа. Зарим эрхээ аваагүй дасгалжуулагчид байх ёстой эд, эрхтнийг байранд нь байлгах хэрэгтэй. Бусадтай нийлүүлж болохгүй. Тасдаж бүүр ч болохгүй гээд байсан нь үнэн болж таарлаа. Одоо би яадаг билээ?
МУГЗ гуай Танд өгөх зөвлөгөө:
МУГЗ гуай Танд хэлэхэд ийм байна. Гар, хурууныхаа байрыг хичнээн солиод ч, нийлүүлээд ч Таны жин хасагдахгүй ээ. Хөл, гар, зарим хуруугаа тайрсан ч олигтой жин хасагдахгүйн дээр Та ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Байх ёстой зүйлс байрандаа байж л байх хэрэгтэй. Та өрсөлдөгч болон хамтрагч нар (бусад улсын засгийн газар)-аа хар л даа. Бүгдийнх нь эрхтэн бүрэн байгаа биз дээ. Та илүүдэл жин (орчин үеийн ойлголтоор төрийн үүрэгт хамаарахаа байсан ажлууд)-гээ л “хувийн секторт шилжүүлэх”, “гэрээгээр гүйцэтгүүлэх” зэрэг дасгал хийх замаар хасах хэрэгтэй. Өрөөгөөр чинь дүүрэн байгаа хэрэггүй, том том сандал, ширээ (дүрэм, журам)-гээ зайчилж өөртөө болон өрөөлд хөдлөх бололцоо олгох хэрэгтэй. Бага идэж, их хөдлөх хэрэгтэй. Байгууллагынхаа хогыг шүүрдэх, чийдэнгийн шилийг солих, цэцэг тарих, захиа зөөх гэх мэтэд хэрэг болно гэж калори ихтэй өөх хадгалах хэрэггүй. Тэр чинь л Таны илүүдэл жин.
Аан нээрээ мартах дөхлөө. Даргадаа хэлж дасгалжуулагчдаа солиулсан нь дээр байх. Таны хоёр дасгалжуулагч “төрийн албаны шинэтгэл” гэдэг дасгалын нэрийг нь мэддэг болохоос яаж хийдгийг нь мэддэггүй юм байна лээ. Дарга чинь Таныг жин хасаасай гэж чинь сэтгэлээсээ хүсч байгаа учраас сольж өгч л таараа.

Сэтгэгдэлүүд:
Мань мэт нь давхар тураад туранхай дээрээ нуранхай болчуул яахын
Сэтгэгдэл үлдээх: