Дүрэм, журам уу, үр дүн үү?
1980-аад оны эхээр АНУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, санхүүгийн хямрал нүүрлээд байлаа. Энэ аюулыг даван туулахын тулд АНУ-ын Засгийн газар төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааны зарчмыг шинэчлэхийн зэрэгцээ эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын системээ өөрчлөх хэрэг гарчээ.
Улсын төсвөөс санхүүждэг тохижилт, үйлчилгээний байгууллагууд  хог цэвэрлэх, гудамж, талбай тохижуулах, гэрэлтүүлэг, чимэглэл байрлуулах зэрэг ажил олж хийхийн тулд хувийн компаниудтай тендерт өрсөлдөх хэрэг гарав. Төрийн байгууллагууд өөрсдийн зорилгоо хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд зориулан өөрчилж, үйлчлүүлэгчдийн дунд ажил үйлчилгээнийхээ талаар судалгаа явуулах, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсох, шүүмжлэлийг хүлээн авах механизмыг сайжруулав.
Минессота муж эцэг, эхчүүд, хүүхдүүд сурах сургуулиа өөрсдөө сонгох бололцоо олгосоныг даруй зургаан муж хуулбарлав. Улсын сургуулиуд сурагчидаа авч үлдэх, улсын төсвөөс санхүүжихийн тулд сургалтын чанараа сайжруулах шаардлагатай тулгарав. Олон сурагч суралцахыг хүсч буй сургуулиудад илүү санхүүжилт олгох болж, сурагчдын дүн, ирц дээшилсэн зэрэг амжилт гаргасан сургуулийн захирал, багш нарыг урамшуулах болсоноор гурван жилийн дотор Миноссота мужын улсын сургуулиудын сурагчдын дүн, ирц, багш нарын чадавхи бусад мужуудтай харьцуулахад эрс нэмэгдэв. Сурагчдын улсын шалгалтын дундаж үнэлгээ 3.6 хүрсэн нь улсынхаа хэмжээнд шилдэгт тооцогдох болов.
Улс төрийн намууд, улс төрчдийн сонгуулийн уриа “Засгийн газрыг шинэчлэх”, “Процессыг бус үр дүнг эрхэмлэе” зэрэг болж өөрчлөгдөв. АНУ-ын Засгийн газар төрийн байгууллагуудын ажлыг дүгнэхдээ ямарваа асуудлыг шийдвэрлэхэд хэр хэмжээний хөрөнгө зарсан, хэдэн дүрэм, журам баталсан, хичнээн ажил хийснийг биш хэр үр дүн гаргасан, хэр төсөв хэмнэснийг чухалчлах болов.
Нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувийн сектор, ашгийн бус байгууллагуудыг түлхүү оролцуулах болов. Засгийн газар зөвхөн мөнгө зарах бус олдог байх ёстой гэсэн ойлголт үүсч, эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэв. Төрийн захиргааны зарчмыг халж, төрийн менежментийг зарчмыг нэвтрүүлэв.  
Монгол байдал ямар байна вэ?
Хувийн секторын төвөггүйхэн хийж гүйцэтгэх ажлыг төр урдуур нь орж хийсээр байна. Хийсэн хэдий ч иргэд, үйлчлүүлэгчдийн санаанд хүрэхээр хийж чадахгүй байна. Үүнээс үүдэн төрийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явах иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Сургууль, эмнэлэг зэрэг үйлчилгээний байгууллагыг дүүргийн харъяалалтай байлгасанаар өрсөлдөөн гэдэг ойлготыг байхгүй болгож, бид ажлаа яаж ч хийсэн тэртэй тэргүй үйлчлүүлэгчтэй, энэ дүүргийнхэн ирэхгүй гээд хаачдаг юм гэсэн ойлголт дүүргийн сургууль, эмнэлэг зэрэг үйлчилгээний газруудад ажиглагдах болов. Энэ нь тэдэнд хөгжил, дэвшлийн чөдөр болж, ерөнхий боловсролын системийг аюулд учруулаад байна.
Улс төрийн намууд, улс төрчид төрийн албаны шинэтгэл гэж ярьж, хэлж, бичиж байгаа боловч төрийн албаны шинэтгэлийг засгийн газрын бүтцийг өөрчлөх, яам, тамгын газрын тоог цөөлөх, ажилтнуудыг цомхотгох мэтхэнээр  ойлгож байна. (Энэ талаар дараагийн нийтлэлд тусад нь тодорхой бичих болно).
Засгийн газар болон төрийн ихэнхи байгууллагууд хууль, дүрэм, журам бол бодлого хэрэгжүүлэх олон хэрэгслийн ганц нь гэдийг үл ухамсарлан бүх л төрийн харилцааг хууль дүрэм, журмаар  зохицуулж болох юм шиг санан хэрэггүй, хэрэгжихгүй дүрэм, журам олноор батлаж байна. Энэ нь төрийн байгууллагуудын хүнд сурталтай, удаан, үр ашиггүй гэсэн шүүмжлэлд өртөх гол шалтгаануудын нэг болсоор байхын зэрэгцээ иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж, цаг завыг нь гарздаж байна.
 
Орчин үед Засгийн газар зөвхөн үрдэг бус олдог байх ёстой гэсэн ойлголт үүсээд, хэрэгжээд 10 гаран жил болж байхад улс төрчдийн амнаас Засгийн газар бол бизнесийн байгууллага биш, ашиг хамаагүй гэсэн хэвшмэл хэллэг гарсаар байна. Төвлөрөлийг сааруулах, эрх мэдлийг оновчтой хуваарилах хэмээн ярьж байгаа боловч бүх зүйл даргаас хамааралтай, эрх мэдэл хэт төвлөрсөн, бүх зүйлийг заавар, чиглэлийн дагуу хийдэг хэвээр байгаа нь төрийн албан хаагчдын дийлэнхийг толгойгоо биш гараа ажиллуулахад хүргэж байна.
Бид процессыг хэт тахин шүтдэг хоцрогдсон зарчмыг өөрчлөх цаг аль хэдийн болжээ.

Сэтгэгдэлүүд:

1. зочин (зочин) | 2007-11-11 16:44:52
Дажгүй бичлэг байна. Гэхдээ наад процесс чинь ч Монголд тодорхой болж чадаагүй байна даа.
2. AD | 2007-11-14 10:59:55
Сайн байна уу. Блогт чинь анх удаа зочилж байна. Нийтлэлийг чинь уншиж эхлэхээр дороос нь эхэллээ. Хүнийг танихад илэрхийллийг нь бус хандалгыг нь ажигла гэж надад нэг хүн хэлж байсан санагдана. Зөв бодол, зөв хандлага байвал илэрхийлэл тийм байна. Харин буруу сэтгээд хүнд таалагдах гэж илэрхийлэх аваас энэ бол чөтгөрөөс аймшигтай хэмээдэг. Тиймээс би зөв хандлагатай хүний бичсэнийг унших дуртай.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.