The Bankruptcy of Bureaucracy
Төр, төрийн захиргаа гэдэг ойлголт сайн, сайхан зүйлтэй холбогдон ойлгогддог, үр ашигтай ажилладаг байсан цаг саяхан.
1890-ээд оны үеэс төрийн захиргаа гэсэн гэсэн ойлголт өргөн хэрэглэгдэх болж төрийн албаны систем тогтож, төрийн жинхэнэ албан хаагч гэдэг ойлголт үүсч, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зааглаж өгсөн байна. Энэ үеэс эхлэн төрийн албан хаагч, улс төрч хоорондын харилцаа өөрчлөгдөж улс төрчид төрийн албаны  менежментийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь багассан байна. Төрийн албан хаагч гэдэг ойлголт бий болсноор улс төрчид төрийн албаар дамжуулан өөрсдийн хүслээ гүйцэлдүүлэх, хөрөнгө, мөнгө луйвардах боломжийг тодорхой хэмжээгээр хаажээ. Төрийн байгууллагуудыг төрийн албан хаагчид удирдах болж, улс төрчдөөс хараат байдлаас ангижирсан байна. Түүнчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх боломжийг олгожээ. Энэ нь төрийн албанд гарсан томоохон дэвшил байлаа.
1980-аад оноос эхлэн төрийн захиргааны зарчим төдийлөн сайн ажиллахгүй байгааг зарим судлаачид гарган тавьж эхэлжээ. Төрийн захиргааны зарчим нь улс төрчид, төрийн албан хаагчид улсын мөнгө, хөрөнгө луйвардах боломжийг багасгаж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зааглаж өгсөн боловч төрийн албыг үр ашиггүй, хүнд сурталтай болгох эхлэлийг тавьсан байна. Төрийн албаны бүхий л зүйлсийг хяналттай байлгахийн тулд төрийн алба дүрэм, журам хэт эхээр батлан гаргасан бөгөөд энэ нь улмаар үр дүн бус процессыг тахин шүтэх үзлийг бий болгожээ. Энэ нь одоо удирдах албан тушаалтнууд “Би дүрэм, журмын дагуу ажилласан” эсвэл “Бүх зүйл хуулийн хүрээнд хийгдсэн” гэх мэт хэллэгээр илэрч байна. Иргэд, хэрэглэгчидэд тухайн ажлын, тухайн бодлогын үр дүн чухал болохоос хэн, хэрхэн, ямар процессоор хийх нь төдийлөн чухал биш байлтай. Гэтэл зарим байгууллагын дарга нар төсвийн нилээдгүй мөнгийг зарцуулчихаад, ямар ч үр дүн гаргаагүй байж “Би зохих дүрэм, журмын дагуу л зарцуулсан. Шалгаад үзвэл үз” гээд дүйнгэ царайлаад сууж байх юм. Өөрөөр хэлбэл төрийн алба гэдэг нэг ёсондоо дүрэм, журмаа мөрдөхөөс биш үр дүн гаргах гэдэг асуудлыг бараг л мартжээ.
Энд би төрийн захиргааны зарчмыг нийтэд муулах гэсэнгүй. Төрийн захиргааны зарчим бидэнд олон асуудлыг шийдвэрлэхэд тусалсан, үр дүнгээ ч өгсөн. Гэхдээ анхаарах нэг асуудал бол  төрийн захиргааны зарчим үүсч, хэрэглэгдэж байсан үе одоо бидний оршин буй үеээс асар ялгаатай гэдгийг ойлгох асуудал юм. Нийгмийн хөгжил алгуурхан ахидаг, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарт эрс гэхээр өөрчлөлт гардаггүй, хүмүүсийн хэрэгцээ төдийлөн ялгардаггүй нийгэмд захиргааны удирдлагын зарчим тохирч байлаа. Гэтэл энэ үе нэгэнт өнгөрчээ. Өдөр болгон шахуу шинэ технологи нэвтрэх болж, хүмүүсийн хэрэгцээ асар ялгаатай болж, улс орнууд цаг хугацаатай уралдан хөгжих болж, төрийн шийдвэрлэх асуудлууд улам ярвигтай болж, мэдээллийг хэн ч түргэн шуурхай олж авах боломжтой болж, нийгэм тэр аяараа асар хурдацтай өөрчлөгдөж эхлэв. Ийм орчин, нөхцөлд төрийн захиргааны зарчим нь онол болоод практикийн хувьд хоцрогдон, төрийн байгууллагыг удирдан, зохион байгуулахад үр дүнтэй байхаа болив.
Өнөө үе биднээс уян хатан, түргэн шуурхай, хувьсан өөрчлөгдөх чадамжтай төрийн албыг шаардаж байна. Төрийн алба үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, ашигтай ажиллах, үйлчлүүлэгчдээ хүндлэх, түргэн шуурхай үйлчлэх  шаардлагатай болов. Энэ бүхэн хэн нэгэн дүрэм, журам батласанаар эсвэл хэн нэгэн зааварласнаар хэрэгжихгүй гэдэг нь ойлгомжтой юм. Дүрэм, журам батласнаар, дарга үүрэг өгснөөр төрийн үйлчилгээ, ажлын чанар сайжирдаг бол сайжрах цаг нь аль хэдийн болсон биз ээ.
Өөрөөр хэлбэл төрийн захиргааны зарчим нь нийгмийн хөгжил алгуур, төрийн шийдвэрлэх асуудлууд нь хялбар, хэрэглэгчид хэдхэн төрлийн ажил, бараа, үйлчилгээг төрөөс шаарддаг, ажлын гүйцэтгэлийн чанар төдийлөн анхаарал татдаггүй байх нөхцөлд сайн хэрэгжих боловч нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед тохирохгүй болох нь төрийн байгууллагуудын өнөөгийн байдлаас бидэнд харагдаж байна.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.