Блог нээх болсон учир
Төрт улс үүсэн бий болсон цагаас эхлэн төрийн үндсэн үүрэгт юу багтах вэ, төрийг хэн, хэрхэн яаж жолоодох вэ гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд өнөө үеийг хүртэл уг асуудал эрдэмтэн, судлаачид, улс төрчид төдийгүй эгэл иргэдийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд цаашид энэ хэвээр үргэлжлэх нь тодорхой юм.

Монгол Улс 1990 онд ардчилсан хөгжлийн замыг сонгож, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш даруй 18 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэлээдгүй зүйлийг амжуулж, өөрчлөлтийг эхлүүлж, төрийн албаны шинэчлэлийн суурийг тавьж, эрх зүйн орчноо чадах чинээгээрээ өөрчилсөн гэдэгтэй маргах аргагүй юм. Хэдий тийм боловч төрд итгэх ард түмний итгэл алдарч, төрийн алба, төрийн албан хаагч, төрийн байгууллага, төрийн үйлчилгээ зэрэг төртэй холбоотой ихэнхи нэр томъёо сайн сайхан гэхээс илүүтэйгээр авилга, хүнд суртал, хоцрогдол, эрх мэдэлд дулдуйдах зэрэг муу, муухай зүйлтэй ямар нэгэх байдлаар холбогдон ойлгогдох болов.
 
Технологийн дэвшил, даяарчлал, олон улсын тавцан дахь өрсөлдөөн, бизнесийн байгууллагын хөгжил, зах зээлийн эдийн засгийн шаардлага зэргээс үүдэн сүүлийн 20 гаруй жилийн туршид бидний барууны хэмээн ярьж заншсан улсууд төрийн албаны шинэтгэлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, эрс гэж хэлж болохоор өөрчлөлтийг эхлүүлээд байна. Энэхүү өөрчлөлтийг эрс хэмээн нэрлэх болсоны шалтгаан нь 20-р зуунд дэлхийн аль ч улсын төрийн албанд үүнтэй адил өргөн хүрээг хамарсан, дорвитой өөрчлөлт хийсэн шинэтгэл гараагүйд болон энэхүү шинэтгэл нь 21-р зуун гарсан хэдий ч улам гүнзгийрэх нь тодорхой байгаад оршино.

Монгол Улсын хувьд төрийн албаны шинэтгэлийг эхлүүлсэн, шинэчилж байгаа хэмээн ярьж, бичиж байгаа төдийгүй нэлээд хэдэн баримт бичиг батлаж гаргасан болно. Хэдий тийм боловч дээр дурьдсанчлан төрийн үйлчилгээ сайжирсан, хүнд суртал багассан, авилга буурсан, төрд итгэх ард түмний итгэл сайжирсан, төрийн алба цомхон, чадварлаг болсон, хариуцлага хүлээлгэх тогтолцоо бэхжсэн зэрэг сайн шинж үзэгдэхгүйгээр үл барам харин ч улам бүр доройтсоор байгаа нь хэн бүхний өмнө ил байна. Үүнд олон шалтгаан байгаа нь тодорхой боловч гол шалтгааны нэг нь бид төрийн албаны шинэтгэлийг зөв, тууштай, бодит утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байгаад болов уу гэж бодож байна.

Иймд төр, түүний үүрэг, менежментийн талаар өөрийн бодлыг энэхүү блогоор дамжуулан Та бүхэнд хүргэх, түүнчлэн Та бүхний санал бодлыг сонсох үүднээс энэ блогыг нээлээ.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.